Шууд Chart

БНАСАУ аялал жуулчлалын салбартаа хөрөнгө оруулалт хийхийг АНУ-д уриалжээ

2018-06-06 11:14:03

АНУ-д очоод ирсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чол тус улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийхийг АНУ-ын талд уриалсан тухай Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин мэдээлж байна.

Сонины авсан мэдээгээр Ким Ён Чол Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах явцдаа Умардын эрх баригчид Вонсан хотыг дэлхийн хэмжээний амралтын газар болгохоор төлөвлөсөн тухай ярьжээ.

Ким Ён Чол АНУ-д айлчлах явцдаа Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тал дээр хүч чармайлт тавьсны хариуд Умард Солонгосын эсрэг тогтоосон олон улсын хориг арга хэмжээг аажим аажмаар цуцлах ямар боломж байгааг судалсан тухай сонин бичиж байна.

Энэ зуур АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт энэ сарын 12-ны өдөр Сингапурт орон нутгийн цагаар өглөөний 9 цагт эхлэх нь тодорхой боллоо. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Санкерс энэ тухай мэдээллээ. “Бид дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байна. Ерөнхийлөгч өдөр бүр Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэйгээ уулзаж, уулзалтын бэлтгэл ажлыг, уулзалтаар ямар асуудал хөндөж ярих талаар зөвлөлдөж байгаа” гэж хатагтай Сандерс хэлж байна.

АНУ-ын талыг эмзэглүүлж байгаа бас нэг асуудал бол Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзаж магадгүй байгаа асуудал юм. Одоогийн байдлаар энэ уулзалт хэзээ, хаана гэдгийг нарийн тогтоогоогүй байгаа ч ирэх есдүгээр сард Владивосток хотноо болох "Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалт" уулзалтыг хийх нэг талбар байж болохыг үгүйсгэхгүй байна.

Алс Дорнодын эдийн засгийн дөрөв дэх удаагийн чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 11-13-нд Владивосток хотноо болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ аялал жуулчлалын салбартаа хөрөнгө оруулалт хийхийг АНУ-д уриалжээ   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй