Японы Засгийн газар энэ сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаар мэдээлэлтэй байхын тулд Сингапурт дипломатчдын баг илгээнэ гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ.
Тэрбээр “Бид АНУ болон Умард Солонгосын удирдагч хоорондын анхны уулзалтын талаар илүү их мэдээлэлтэй байж, дүн шинжилгээ хийхийн тулд Засгийн газрын төлөөлөгчдийг Сингапурт илгээнэ” гэжээ. “Киодо” агентлагийн авсан мэдээгээр Сингапурт илгээх багийг Гадаад яамны газрын дарга нарын нэг нь удирдах юм байна.
Вашингтон, Пхеньян хоёр АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг хэд хэдэн сувгаар хийж байна. Трамп, Кимийн уулзалт нэг долоо хоногийн дараа болох боловч энэ уулзалтаар ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч нотлоод байгаа. Япон улс БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээгээр хатуу байр суурь баримтлахыг нэг бус удаа илэрхийлсэн. Тэгээд ч Токио Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг устгах тал дээр нэн яаралтай практик алхам хийхийг шаардаж байна.
Дээрээс нь Токио Трампыг Ким Жон Унтай ярилцах явцдаа өнгөрсөн зууны сүүлээр Умардын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн асуудлыг сөхөхийг уриалж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 7-нд Вашингтонд Трамптай уулзахдаа өөрийн байр сууриа түүнд хүргэнэ гэдгээ илэрхийлээд байна.
| Токио АНУ, БНАСАУ-ын уулзалтын талаар мэдээлэл цуглуулахын тулд дипломатчдын баг илгээнэ | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.