Хэрэв АНУ дахин татвараа нэмж, худалдааны хориг тавих тохиолдолд Бээжин, Вашингтон хооронд хүрсэн худалдааны бүх тохиролцоо хүчингүй болно гэдгийг БНХАУ анхааруулж байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ, АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс нарын яриа хэлэлцээний үеэр ийм зүйл болжээ. Энэ долоо хоногт Вашингтон Хятадын барааны импортод нэмж татвар оногдуулна гэж сүрдүүлсэн юм.
Тэгэх зуур “Их 7”-гийн гишүүн орнууд АНУ ган болон хөнгөн цагааны бүтээгдэхүүний импортын татварыг нэмсэнтэй холбогдуулан дургүйцлээ илэрхийлсэн. Францын Сангийн сайд Брюно Ле Мэр хэд хоногийн дараа худалдааны жинхэнэ дайн эхэлнэ гэдгийг анхаарууллаа. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсандаа “Бусад улс орнууд худалдааны салбарт олон жилийн туршид АНУ-ыг цөлмөсөн. Гангийн татварыг нэмснээр Америкийн үйлдвэрлэгчид аврагдана. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нэн чухал” гэж жиргэсэн. Үүнээс гадна Трамп Америкийн компаниуд Европ болон улс орнуудад хүндрэлтэй тулгарч байгаад гомдоллоод, илүү ухаалаг байх цаг нь болсон гэсэн байна.
Бээжинд АНУ болон Хятадын худалдааны байгууллага хооронд хийсэн яриа хэлэлцээ худалдааны алдагдлыг багасгахад чиглэж байсан. Одоогийн байдлаар АНУ БНХАУ-д зардаг өөрийн бараанаас дөрөв дахин их барааг Хятадаас худалдан авч байна. АНУ энэнээс гарсан зөрүүг Хятадаас импортлодог ган болон хөнгөн цагааны бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмснээр эргүүлэн авахаар оролдож байна.
Ирэх амралтын өдрүүдэд Канадын Квебек хотноо “Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтаар татвартай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь тодорхой байна. 2017 онд Канад, Мексик болон Европын холбоо нийлээд АНУ-д 23 тэрбум долларын үнэ бүхий ган, хөнгөн цагаан экспортлосон. Энэ нь Америкийн ган болон хөнгөн цагааны жилийн импортын тал нь гэсэн үг юм. Канад, Мексик, Европын холбоо хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Тухайлбал, Европын холбоо АНУ-аас авдаг “Харлэй Дэвидсон” мотоцикл болон вискиний гаалийн татварыг нэмэхээр боллоо. Канад улс ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн 13 тэрбум долларын үнэ бүхий Америкийн барааны импортын татварыг 25 хувь хүртэл нэмж байна.
| БНХАУ АНУ-ын эсрэг сүрдүүлэгт нэгдэж байна | ||
| Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.