Италийн парламентын доод танхим Ерөнхий сайд Жузеппе Контегийн Засгийн газарт итгэл хүлээлгэсэн байна. Сайд нарын шинэ танхимыг дэмжиж байгаагаа депутатуудын танхимын 350 гишүүн илэрхийлсэн бол 236 гишүүн эсэргүүцсэн санал өгчээ. Түүнчлэн 35 гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна.
Үүний өмнө Парламентын дээд танхим буюу Сенатын танхим Контегийн Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү Италийн шинэ Засгийн газар "Таван од" хөдөлгөөн Лига намынхны тохиролцооны үндсэн дээр байгуулагдаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуулиар олонхийн суудал авсан тус хоёр нам шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүхий Засгийн газрын гэрээ гэх баримт бичгийг баталцгаасан юм.
Засгийн газрын бүрэн шинэчилсэн бүрэлдэхүүнд "Таван од" хөдөлгөөний ес, Лига намын зургаан төлөөлөгч багтсаны зэрэгцээ нам бус гурван мэргэжилтэн багтсан юм. Сайд нарын танхимын таван суудлыг нь эмэгтэйчүүд эзлэх болсон юм. Дотоод хэргийн сайдаар Лига намын Холбооны нарийн бичгийн дарга Маттео Сальвиниг сонгосон бол "Таван од" хөдөлгөөний тэргүүн Луиджи Ди Майо Хөдөлмөр, эдийн засгийн хөгжлийн яамыг тэргүүлэхээр болсон юм.
Ийнхүү Италийн Засгийн газар Парламентын хоёр танхимын дэмжлэг итгэлийг хүлээн ажилдаа ороод байна. Италид парламентын сонгууль болсноос хойш Засгийн газраа эмхлэн байгуулж чадахгүй гурван сарын нүүр үзсэн. Улс төрийн энэ хямралаас нь болж Европын санхүүгийн зах зээлд уналт гарч байсан. Хөрөнгө оруулагчид тус улсад дахин ээлжит бус сонгууль зохион байгуулж хэт үндсэрхэг үзэлт намуудын байр суурь бэхжих вий гэдгээс болгоомжилж байсантай нь холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.
| Италийн парламент Жузеппе Контегийн Засгийн газарт итгэл хүлээлгэлээ | ||
| Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.