Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хэлэлцээний бэлтгэл ажлыг ид хангаж байна. Сингапур бол АНУ төдийгүй Умард Солонгостой дипломат харилцаатай улс. Дэлхий нийтэд хаалттай коммунист БНАСАУ Сингапурын бизнесийн төв дүүрэгт дипломат төлөөлөгчийн газартай. Тиймээс ч дээд уулзалт хийх хоёр тал Сингапурыг сонгож түүхэн уулзалтаа хийхээр товлосныг хэвлэлүүд сануулж байна.
Сингапур төвийг сахигч орон. Тиймээс ч бүх улс оронтой найрсаг, нөхөрсөг харилцаатай байдаг. Үүнээс гадна Сингапур ийм өндөр дээд түвшний уулзалт хэлэлцээ хийх туршлагатайд тооцогддог. Тухайлбал, 2015 онд Сингапур улсад Хятадын дарга Си Жиньпин, Тайванийy удирдагч Ма Инцзю нарын анхны8 бас түүхэн гэж тодорхойлсон уулзалт болж байсан. Үүний зэрэгцээ Сингапур бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын түүний дотор Зүүн өмнөд Азийн орнуудын ассоциацийн дээд уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулж байсан туршлагатай.
"Цагаан ордон"-оос өнгөрсөн мягмар гарагт дээд уулзалт Сингапурын Сентоза арал дээрх "Капелла" зочид буудалд болохыг мэдээлсэн. Энэ өндөр зэрэглэлийн зочид буудлыг арал дээр байрладаг байсан Британийн офицерүүдэд зориулж 1880-аад оны үед барьж байсан юм байна.
Дээд уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд чангатгахаа Сингапурын цагдаагийнхан мэдээлж байна. Сентоза арлыг зорьж байгаа бүх хүмүүсийн хувийн эд зүйлийг хүртэл шалгахаа мэдээлж байна. Мэдээж буу зэвсэг, дэлбэрч тэсрэх зүйлсийг хориглохын дээр савтай будаг, чанга яригч, туг далбаа, уриа лоозон бичихээр нэг метрээс урт, өргөн материалуудыг нэвтрүүлэхийг хориглож буй юм байна. Трамп, Кимийн дээд уулзалт орон нутгийн цагаар 09:00 цагт эхэлнэ гэж мэдээлж байна.
| Сингапурт АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байна | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.