Шууд Chart

БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь эргүүлэн авчирч чадна гэдэгт найдаж байна

2018-06-08 12:05:00

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Еерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтоныг зорилоо. АНУ-ын төрийн тэргүүний БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө Абэ ийнхүү Вашингтонд айлчилж байгаа нь нэг ёсны Сингапурын уулзалтын өмнөх дипломат нүүдэл гэж хэлж болно. Гол асуудал Трамп Японы ар хударгаар Пхеньянтай Япон улсын ашиг сонирхолд цохилт өгөхүйц тохиролцоо байгуулж магадгүй гэж Токио үнэхээр эмээж байгаа юм.

Трамп, Абэ хоёр байнга л шахуу уулздаг. Үүнд нэг их гайхаад байх зүйлгүй. Гэвч Трамп, Ким Жон Ун хоёр уулзах нь тодорхой болмогц Абэ Трамптай түрүүлж уулзахыг зорьсон. Энэ нь Япон улсын ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг түрүүлж хөндөхийг зорилоо гэсэн үг юм. Шинзо Абэ нисэх онгоцны буудал дээр хэлсэн үгэндээ Трамптай хийх уулзалтаар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хамгийн гол нь Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн хувь заяаг хөндөнө гэдгийг цохон тэмдэглэсэн.

Өнгөрсөн зууны 70, 80-аад онд Умард Солонгос японы иргэдийг хулгайлж, тэднийг умардын тагнуулчдад япон хэл заах, японы зан заншил, уламжлал болон бусад шаардлагатай зүйлд сургахад ашиглаж байсан байдаг. Япон иргэдийг хулгайлсан 13 тохиолдлын талаар мэдээлэл байгаа ч хулгайлагдсан иргэдийн бодит тоо үүнээс их гэж түүхчид үздэг. Тэр үед хулгайлагдсан хүмүүс 20-30 настай байсан, хамгийн бага нь 1977 оны 11-р сард Ниигата хотоос хулгайлагдсан Мэгуми Ёкотэ байжээ. Тухайн үед тэр 13 настай байсан аж.

2014 онд талуудын хооронд хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар яриа хэлэлцээ болж, амьд сэрүүн байгаа таван иргэнийг эх оронд нь буцааж, насан өөд болсон хүмүүсийн цогцсыг Япон улсад шилжүүлэн өгч, умардууд асуудлыг дууссан гэж үздэг ч Япон улс үүнийг эсэргүүцдэг. Пхеньян Японыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад саад болохын тулд япон иргэдтэй холбоотой асуудлыг хэт их дөвийлгөж байгаад буруутгадаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь эргүүлэн авчирч чадна гэдэгт найдаж байна  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй