Япон, Умард Солонгосын дипломатууд ойрын өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо албан бус зөвлөлдөх уулзалт хийж магадгүй байгаа тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна. Японы болон Умард Солонгосын дипломатууд ирэх 14-15 ны өдрүүдэд болох "Зүүн Хойд Ази дахь аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын хэлэлцээ" олон улсын бага хурал оролцохоор Монгол Улсын нийслэл хотод хүрэлцэн ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ үеэр Япон, Умард Солонгосын анхны дээд уулзалт зохион байгуулах асуудлыг хэлэлцэх эхний шатны уулзалтаа хийж магадгүй гэсэн хүлээлт байна.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхий сайд Шинзо Абэ болон Умардын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хэлэлцээг зохион байгуулах боломжийн талаар онцолж хэлэлцэх болсон нь Японы Засгийн газрын тэргүүний мэдэгдэлтэй холбоотой юм. Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрөгч 7-ны өдөр Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Умард Солонгосын удирдагчтай нүүр тулж уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдтэй холбоотой асуудлыг шийдэхийн төлөө байгаагаа илэрхийлж байсан юм. Ер нь АНУ, Умард Солонгосын дээд уулзалттай холбоотойгоор Япон, Умард Солонгосын холбоо харилцаа идэвхижсэн гэхэд болно. Японы хэвлэлүүд Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн Трамп, Ким нарын уулзалтын дараа Япон Умард Солонгосын яриа хэлэлцээ болно гэсэн товыг урьдчилсан байдлаар гаргаад байна.
Одоогоор энэ асуудлыг хоёр тал идэвхтэй боловсруулж байгаа юм байна. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалт хэлэлцээг ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулах боломжтой тухай бичиж байна. Хоёр орны төр засгийн тэргүүн нарыг ирэх есдүгээр сарын 11-13-ны хооронд тус хотод болох Зүүний эдийн засгийн форумд уриад байгаа юм. Тиймээс Япон, Умард Солонгосын удирдагчдын аль алинд нь гуравдагч орны нутаг дэвсгэрт уулзалт хэлэлцээ хийх нь таатай байх болно гэж Японы хэвлэлүүд тэр дундаа "Киодо" агентлаг онцолсон байна.
| Япон, Умард Солонгосын төлөөлөгчдийн албан бус зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болно | ||
| Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.