"Universal Pictures" компани ээлжит нэгэн дэлгэцийн шинэ уран бүтээлээ энэ оны аравдугаар сарын 12-нд дэлхий нийтэд танилцуулахаар болоод байна. Энэ бол саран дээр хөл тавьсан анхны сансрын нисгэгч Нил Алден Армстронгийн тухай өгүүлэх “FIRST MAN” нэртэй кино юм.
Нил Алден Армстронг АНУ-ын Охайо мужид төрсөн сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор бөгөөд хүн төрөлхтний түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн юм.
Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх сансрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна.
Армстронг хоёр дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр "Аполло-11" хөлгөөр нисэж, 1969 оны долоодугаар сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардаж, хоёр цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн байна. Харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавьяаны Медаль хүртсэн юм. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.
Энэ тухай бодит явдлаас сэдэвлэсэн киноны зураг авалт өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Атланта болон Жоржиягаас эхэлсэн байна. Киноны найруулагчаар Дэмьен Шазелл ажиллажээ. Харин гол дүрд нь Райан Гослинг тоглосон байна.
| Нил Алден Армстронгийн тухай өгүүлэх “FIRST MAN” кино аравдугаар сарын 12-нд гарна | ||
| Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.