Шууд Chart

Амьд малын худалдааг зөвшөөрөгдсөн цэгээс хийхийг зөвлөж байна

2018-06-14 12:24:02

Архангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор амьд малын ил задгай худалдааг нэг цэгт төвлөрүүлэх ажлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас зохион байгуулж, амьд малын худалдааг Таван –Эрдэнэ захад төвлөрүүлж байна. Ингэснээр гарч болзошгүй малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа юм.

Архангай аймгийн Өгийн нуур, Хотонт, Өлзийт суманд хонины шүлхий өвчин гарчээ. Манай аймагт хөдөө орон нутгаас оруулж ирж, худалдаалж буй амьд хонь, мал ихэвчлэн Архангай, Хөвсгөл аймгуудаас ирдэг. Тэгвэл Баян-Өндөр сумын засаг даргын 2017 оны 5 сард гаргасан захирамжаар, амьд малын худалдаа эрхлэх цэгийг тогтоож, чиглэл гаргаж өгсний дагуу Таван Эрдэнэ зах дээр малын гаралтай арьс шир, түүхий эд, амьд малын худалдааг төвлөрүүлэх учиртай.Нэг цэгт төвлөрүүлснээр шаардлагатай малд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтэн тогтмол ажиллана. Энэ нь халдварт өвчний голомтын бүсээс орж ирсэн мал,түүнээс гарч болох эрсдэлээс сэргийлэх юм. Учир нь өнгөрсөн өвөл Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий өвчин гарснаар их хэмжээний хөрөнгө төсөв, хүн хүчийг дайчлан зарцуулсан юм.

Тун удахгүй баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан өдөр ирэх бүр амьд малын худалдаа нэмэгдэнэ. Тиймээс Баян-Өндөр сумын ажлын албаныхан зохих  арга хэмжээг авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулахыг худалдаа эрхлэгчдэд зөвлөж байгаа ч, малын худалдаачид  ил задгай малаа худалдсаар байна.

Иргэд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж, зөвшөөрөгдсөн цэгээс худалдаа хийх шаардлагатай. Учир нь аймаг, сумын хувьд өдөр бүр амьд малын худалдаанд хяналт тавих хүн хүчний боломжгүй. Тиймээс багийн ажлын албад, холбогдох ажлын албаныхантай мэдээлэл солилцох,уялдаа холбоо сайн ажиллах хэрэгтэй гэдгийг ч мөр Баян-Өндөр сумын мал эмнэлэг, үржлийн тасгаас мэдээллээ.

Эх сурвалж: А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амьд малын худалдааг зөвшөөрөгдсөн цэгээс хийхийг зөвлөж байна  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй