Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнд баяр хүргэж, аугаа их амжилт гэлээ. Тус улсын мэдээллийн “Ренхап” агентлаг энэ тухай уламжиллаа.
“Дээд хэмжээний уулзалтын үр дүнг янз бүрээр үнэлэх, дүгнэх явдал бий. Гэхдээ энэ уулзалт яахын аргагүй АНУ, Япон, БНХАУ зэрэг орнуудад цөмийн дайны, тив алгасагч баллистик пуужингийн аюул заналыг тойрон гарах боломжийг олголоо” гэж Мүн Жэ Ин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахдаа мэдэгдлээ.
Помпео Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсан. Талууд Умард Солонгостой улам ойртохын тулд цаашид хийх алхмаа хэлэлцсэнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мүн Жэ Ин Ерөнхийлөгчид Сингапурт болсон түүхэн уулзалтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
Майк Помпео Сөүлээс Бээжинг зорьж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзаж, Сингапурын яриа хэлэлцээ хэрхэн болж өнгөрсөн талаар мэдээлсэн. Помпео уулзалтын талаар хэлэхдээ “Бид БНАСАУ, худалдаа, Өмнөд Хятадын тэнгис дэх байдал гээд бусад олон асуудал хэлэлцэж санал солилцлоо. Ноён Ши Жиньпин намайг хүлээж авсанд баяртай байна. АНУ, БНХАУ хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энэ бүс нутагт бат бэх, найдвартай, урт удаан хугацаанд үргэлжлэх тогтвортой байдал тогтоохын төлөө гэдгээ илэрхийллээ” гэжээ.
Үүнээс гадна Помпео АНУ Хятадын тал Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад цэргийн байгууламж барьж, цэрэгжүүлж байгаад сэтгэл түгшиж байгааг илэрхийлсэн. Вашингтоны үзэж байгаагаар, эдгээр үйлдэл нь байдлыг хурцатгаж, нутаг дэвсгэрийн маргааныг улам бүр хүндрүүлж, гүнзгийрүүлж байгаа төдийгүй чөлөөт худалдаа, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буй юм байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин үүний хариуд Хятад улс АНУ-тай бие биенээ хүндэлсэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоохын төлөө гэдгийг илэрхийлж, АНУ Тайваньтай холбоотой эмзэг асуудалд ялангуяа худалдаа-эдийн засгийн асуудалд аль болох болгоомжтой хандаж, Хятад-Америкийн харилцаанд зөрчил гарахаас сэргийлэх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин Хятад улс АНУ болон бусад талуудтай хамтран Солонгосын хойгийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө байгаад зогсохгүй зохицуулалтад голлох үүрэгтэй оролцоно гэдгээ мэдэгдлээ.
| Мүн Жэ Ин: АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүн аугаа их амжилт | ||
| Үзсэн: 2022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.