Шууд Chart

Өмнөд Солонгос АНУ-тай хамтран хийдэг цэргийн сургуулилтын талаарх шийдвэрээ гаргана

2018-06-17 09:31:07

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ хийхэд таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Өмнөд Солонгос, АНУ хоёр “Ульчи фрийдом гардиан” нэртэй цэргийн хамтарсан сургуулилтыг цуцлах шийдвэрээ ирэх 7-р сард гаргана гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлж байна. “Ерөнхийлөгчийн даалгавраар бид яг одоо энэ асуудлыг боловсруулах шатанд оруулаад байна, шийдвэр ирэх 7-р сард гарах байх” гэж хэвлэлийн алба уламжиллаа.

Энэ сарын 12-нд Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалтын дараа ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурал дээр: Пхеньянтай хийх яриа хэлэлцээ зөв чигт явах тохиолдолд Вашингтон америк-өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг цуцална гэж мэдэгдсэн. Сөүлээс ирж байгаа мэдээгээр, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Сон Ён Му сая Пентагоны тэргүүн Жеймс Мэттистэй утсаар ярьж, хамтарсан сургуулилтын асуудлыг хэлэлцжээ. Яг одоогийн байдлаар 1950-53 оны Солонгосын дайн оролцогч талуудын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулснаар өндөрлөсөн ч гэлээ Солонгосын хойг дайны байдалтай байгаа. Өмнөд Солонгост Америкийн 28 мянга гаруй цэрэг байрлаж байна. “Ульчи фрийдом гардиан” нэртэй цэргийн сургуулилт жил бүрийн 8-р сард Солонгосын хойгт болдог, АНУ энэ сургуулилтад оролцох цэрэг, техникийг нэмж татдаг. Өмнө нь 1990-ээд онд АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-тай холбоо тогтоохын тулд цэргийн сургуулилтаа түр зогсоож байсан  байдаг. Гэвч Сөүл болон Вашингтоны засаг захиргаа солигдох бүрт Пхеньянтай санал зөрөлдөөн улам гүнзгийрч, Солонгосын хойгийн байдал хурцдаж, цэргийн хамтарсан сургуулилт сэргэж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгос АНУ-тай хамтран хийдэг цэргийн сургуулилтын талаарх шийдвэрээ гаргана  
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй