Шууд Chart

Японы баруун хэсэгт 6 баллын хүчтэй газар хөдөлжээ

2018-06-18 13:22:59

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 8 цагийн орчимд, Японы баруун хэсэгт, рихтерийн шаталбараар, 5,9-6,1 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын цаг уурын албанаас мэдээлж байгаагаар хүчтэй газар хөдлөлт болсон ч цунамигийн сэрэмжлүүлгийг гаргаагүй байна.

Энэ байгалийн гамшгийн улмаас одоогийн байдлаар 3 онгоцны буудал түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн, хурдны галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн тасалдсан тухай Эн Эйч Кей агентлаг мэдээлж байна. Осака, Хёого, Киото болон Шига хотуудад газар хөдлөлтийн чичирхийлэл хамгийн хүчтэй мэдрэгджээ.

Сүүлд авсан мэдээллээр 5 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээ ирж байна. Мөн Осака болон Хёга хотын дүүргүүдэд 170 гаруй мянган байр орон сууц гэрэл цахилгаан болон усны хангамж тасалдсан байдалтай байна. Газар хөдлөлт болсны дараа Япон улсын засгийн газар шуурхай хуралдаж онцгой байдлын ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгээс эхний ээлжид газар хөдлөлт болсон бүс нутгаас тодорхой мэдээлэл цуглуулахын тулд Японы өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч онгоцнууд болон нисдэг тэргүүдийг хөөргөж агаараас тандалт судалгаа хийж эхэлсэн байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абе хүчтэй газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээх ажлыг яаралтай хийх гамшигт өртсөн иргэдийг аврах хохирлын хэмжээг яаралтай тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Японд одоогоос яг 7 жилийн өмнө 2011 оны 3-р сард хамгийн хүчтэй хамгийн их гамшиг учруулсан газар хөдлөлт болж байсан юм.

9 магнитуудын хүчтэй газар хөдлөлтөөс болж, цунамигийн давлагаа үүсч байгалийн энэ гамшгийн уршгаар  18 мянган хүн амь насаа алдаж  Фукушима 1  атомын цахилгаан  станцад осол гарсны уршгаар  цөмийн хямрал  тус улсад нүүрлэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы баруун хэсэгт 6 баллын хүчтэй газар хөдөлжээ   
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй