Шууд Chart

АНУ Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтаа түр зогсоосон гэдгээ нотолж байна

2018-06-20 14:02:16

АНУ ирэх 8-р сард Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтын бэлтгэлийг зогсоогоод байна. Пентагоны төлөөлөгч Дана Уайт энэ тухай мэдээллээ. “Ерөнхийлөгч Трампын өгсөн амлалт, мөн манай холбоотон Өмнөд Солонгостой харилцан тохиролцсоны дагуу АНУ ирэх 8-р сард Солонгосын хойгт хийхээр төлөвлөсөн цэргийн хамтарсан сургуулилтын бэлтгэл ажлыг зогсоож байна, харин үүний дараагаар хийх цэргийн сургуулилтын хувьд одоогоор ямар нэгэн шийд гараагүй байна, бид ярилцаж байгаа” гэж хатагтай Уайт хэллээ.

“Батлан хамгаалахын сайд, төрийн нарийн бичгийн дарга болон үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх гурав энэ долоо хоногийн хоёрдугаар хагаст уулзана, Америкийн тал Солонгосын хойгт хийх цэргийн сургуулилтыг түр зогсоож байгаагаас биш Номхон далайн районд болох сургуулилтад энэ огт хамаагүй” гэдгийг хатагтай Уайт хэлж байна. Энэ сарын 12-нд Сингапурт болсон америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны уулзалтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Трамп Пхеньянтай хийх яриа хэлэлцээ зөв чигт явж байх хугацаанд Америк-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг зогсоосон гэж амласан билээ. 1950-53 оны цус асгаруулсан мөргөлдөөнд оролцогч талууд эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл Солонгосын хойг дайны байдал хадгалагдсан хэвээр байгаа. Өмнө нь БНАСАУ АНУ-аас энхийн гэрээ байгуулахыг нэг бус удаа оролдож байсан ч тухай бүрт үр дүнд хүрээгүй. Одоо Өмнөд Солонгост Америкийн 28 мянга гаруй цэрэг байнга байрлаж байна. 1990-ээд онд АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-тай харилцан ярилцахын тулд цэргийн сургуулилтаа түр зогсоож байсан ч гэлээ Сөүл болон Вашингтонд засаг захиргаа солигдох бүрт Пхеньянтай бий болсон улс төрийн зөрчилдөөн хурцадмал байдал бий болоход нөлөөлж, цэргийн сургуулилт сэргэж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр хөгжихөд хүргэж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилтаа түр зогсоосон гэдгээ нотолж байна  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй