Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Зиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийлээ

2018-06-20 16:58:05

БНХАУ-ын дарга Ши Зиньпин өчигдөр Бээжинд хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын удирдагч, төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ынтай яриа хэлэлцээ хийлээ. Хоёр удирдагч хоёр орны өнөөгийн харилцааг цаашид хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, мөн Солонгосын хойгийн байдлыг илэн далангүй, ул суурьтай хэлэлцэж санал солилцлоо гэж хятадын төв телевиз мэдээлж байна.

Эндээс ирж байгаа мэдээгээр, Ши Зиньпин, Ким Жон Ын нар Хятад, Умард Солонгос хоорондын харилцааг хангаж, бэхжүүлж, хөгжүүлэхээр тохирохын хажуугаар зөвхөн Солонгосын хойг гэлтгүй дэлхий дахинд бүхэлд нь энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө гэдгээ илэрхийлжээ. Ноён Ши Зиньпин энд хэлсэн үгэндээ: Сингапурт ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жон Ын удирдагч хооронд чухал уулзалт болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэ уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоох механизм бий болгох үйл хэрэгт чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр ноён Ким Жон Ын Бээжинд хүрэлцэн ирсэн нь хоёр орон хооронд намын шугамаар, улс хоорондын стратегийн харилцаа холбоо өсөн нэмэгдэж байгаагийн илрэл гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Ким Жон Ын удирдагч 3-хан сарын хугацаанд Ши зиньпинтэй 3 удаа уулзаж байгаагаараа Хятад болон БНАСАУ хоорондын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт цоо шинэ хуудсыг нээж байна гээд хэлж болно. Ноён Ши Зиньпин энэ талаар хэлэхдээ: БНАСАУ зэр зэвсэг хөөцөлдөх стратегиас эдийн засгийн бүтээн байгуулалт руу шилжих замналыг сонгосонд бид талархаж байна, бид энэ замд БНАСАУ-ыг бүх талаар дэмжих болно, хамгийн чухал нь хөгжлийн зам ард иргэдийн хүсэл эрмэлзэлд нийцэх ёстой гэлээ. Ким Жолн Ын үүний хариуд: Хятад бол манай найрсаг хөрш, ноён Ши Зиньпин бол бидний, манай ард түмний хүндэлж явдаг удирдагч гэдгийг цохон тэмдэглээд АНУ-ын ерөнхийлөгч Трамптай Сингапурт хийсэн түүхэн уулзалтын үр дүнгийн талаар хятадын удирдагчид дэлгэрэнгүй мэдээлж, цаашид хийх алхмаа ярьж тохирсон байна.

Ши Зиньпин даргын үзэж байгаагаар, Солонгосын хойгийн асуудал зохицуулалтын зөв гольдиролдоо орж, энх тайван, тогтвортой байдлын чигт хөгжиж байгаа юм байна. Одоо хамгийн гол нь ярьж тохирсон зүйлээ практик амьдралд амжилттай хэрэгжүүлэх зүйл үлдэж байна. Ким Жон Ын удирдагч Сингапурын уулзалтаар талуудын ашиг сонирхолд, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн үр дүн гарсан гэдгийг онцолж байна. Умард Солонгосын удирдагч ийм богино хугацаанд БНХАУ-д ойр ойрхон очиж байгаа нь хятад улс Солонгосын хойгийн зохицуулалтад голлох үүрэгтэй оролцоно гэдгийг нотлон харуулж байна. Ким Жон Ын удирдагчийн Бээжинд хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөнө.

                  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Зиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийлээ  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй