АНУ НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарч байгаагаа мэдэгдэж, энэ шийдвэрээ зарим нэг улс орон, олон улсын байгууллагын зүгээс ирсэн шүүмжлэлтэй холбон тайлбарлаж байна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Вашингтон хүний эрхийн асуудлыг доог тохуу болгож байгаа байгууллагын нэг хэсэг байхыг хүсээгүй тул ийм алхам хийлээ гэсэн байна.
Ингэхийн зэрэгцээ тэрбээр: АНУ НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд шинэчлэлт хийхийн төлөө, шинэчлэл хийсэн цагт АНУ эргэн ирнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн тэрбээр: АНУ хүний эрхийн зөвлөлөөс гарсан ч гэлээ хүний эрхийг хамгаалах тал дээр ажилсаар байх юм байна. “Бид хүний эрхийн зөвлөлийг шинэчлэхийн төлөө идэвхтэй ажиллана, шинэчлэл явагдсаны дараа бид эргээд баяртайгаар зөвлөлд нэгдэнэ” гэж хатагтай Хэйли хэллээ. Харин Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео: зөвлөл хүний эрхийг хамгаалдаггүй, эсрэгээр хүний эрхийг зөрчиж байгааг нуун дарагдуулдаг, хоёр нүүртэй байгууллага хэмээн мэдэгдлээ. Майк Помпео ерөнхийлөгч Трампын: НҮБ-ын хүний эрхийн зөвлөл бол НҮБ-ын хувьд маш том гутамшиг гэх үгийг давтлаа. Мөн Помпеогийн хэлж байгаагаар, хүний эрхийн зөвлөлд Хятад, Куба, Венесуэл гэх авторитар дэглэм багтаж байгаа тул АНУ-д энд багтах орон зай байхгүй юм байна.
Мэдээж хэрэг улс орнууд АНУ-ын байр суурийг маш их шүүмжилж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш АНУ хүний эрхийн зөвлөлд байхыг илүүд үзнэ гэлээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч “Хьюман райтс уоч” олон улсын байгууллага: Трампын засаг захиргаа хүний эрхийн зөвлөлөөс гарах болсон нь АНУ хүний эрхийн салбарт ядмагхан бодлого баримталдгийн харамсалтай илрэл гэлээ. “Израйль улсыг шүүмжилсэн нь АНУ-д таалагдсангүй, НҮБ-ын хүнйи эрхийн зөвлөл Умард Солонгос, Сири, Мьянмар, Өмнөд Судан гэх улс оронд чухал үүрэг гүйцэтгэгдэг, гэтэл Трамп Израйль улсыг хамгаалах өмгөөлөхөд маш их сэтгэл түгшиж байх шиг байна” гэж “Хьюман райтс уоч” байгууллагын гүйцэтгэх захирал Кеннет Рот цохон тэмдэглэлээ. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Зейд Раад аль Хуссейн зөвлөлийг орхих АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, “энэ бол гайхах зүйл биш, дэлхий дахин дахь хүний эрхийн өнөөгийн байдлыг аваад үзвэл АНУ гарах биш эсэргээр улам бүр нэгдэх ёстой” гэлээ.
НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дарга Воислав Шуц: дэлдхий ертөнц эв нэгдэлтэй байх хэрэгтэй, шүүмжлэлийг ч дааж чадах чадвартай байх ёстой гэдгийг онцолж, хүний эрх аюул заналд учирч байгаа цаг үед зөвлөлийг орхих Америкийн шийдвэр тийм ч зөв алхам биш гэдгийг мэдэгдлээ. Мөн тэрбээр АНУ зөвлөлөөс гарах болсноор суларсан суудлыг хэнээр нөхөхийг НҮБ-ын Ерөнхий ассамблей одоо хэлэлцэх ёстой гэлээ. Их британи, европын холбоо бас АНУ-ын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж байна. “Энэ байгууллага бол хүний эрхийн салбарт хууль бус үйлдэлтэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн гарт байгаа гол зэвсэг” гэж европын холбооны мэдэгдэлд өгүүлсэн байна. Харин Израиль улс АНУ-ын шийдвэрийг дэмжиж байна.
“Энэ үр бүтээлгүй байгууллагаас гарах АНУ-ын шийдвэр бол “болсон бол болоо” гэх маш тод дохио” гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн “Твиттер” хуудсандаа бичжээ. НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 47 гишүүнтэй, АНУ-ын гишүүнчлэл 2019 оны 12-р сарын 31-нд дуусгавар болох ёстой байсан. Зөвлөлд африкийн 13, ази-номхон далайн 13, латин-Америкийн 8, зүүн европын 6, баруун европын 7 гэсэн орнууд багтдаг. Зөвлөлийн гишүүдийг Ерөнхий ассамблей сонгодог.
| АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байгаагаа мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.