ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтайн хамтаар ОХУ-д гурван өдрийн хугацаатай төрийн айлчлал хийхээр өнөө өглөө эх орноо мордлоо гэж "Ёнхап" агентлаг мэдээлж байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ОХУ-д хийж буй энэ айлчлал бол Өмнөд Солонгосын түүхэнд 19 жилийн дараа буюу 1999 оноос хойш тус улсын төрийн тэргүүн айлчилж байгаа анхны тохиолдол юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх юм байна. Талуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүд нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох хүрээнд, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах зэрэгт чиглэнэ гэж мэдээлж байна.
Мөн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Мүн тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг хүлээн авч уулзах тухай, ОХУ-ын Холбооны хурлын доод танхим болох Төрийн Думд үг хэлнэ гэж "Хөх ордон"-оос мэдээлж байна. Энэ нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Оросын парламентад үг хэлсэн анхны тохиолдол болно гэдгээрээ ихээхэн онцлогтой гэж мэдээлж байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ түүнийг эх орондоо айлчлахыг урьсан юм.
Хоёр удирдагч Панмунжомын тунхаглалыг сайшааж, Ерөнхийлөгч Мун Жэ Ин энх тайвны үйл явц дээр ОХУ-ын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг Путинээс хүссэн байна. Үүний хариуд Кремлийн тэргүүн Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцаас Орос улс хоцрохгүй, энэ энхийн үйл явцыг дэмжин, эдийн засаг, эрчим хүчний төслүүдийг Умард болон Өмнөд Солонгостой хамтарч гурван талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Ярилцсан эдгээр асуудлыг ажил хэргийн түвшинд авч үзэж, хэлэлцэх байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.
| БНСУ-ын Ерөнхийлөгч 19 жилийн дараа ОХУ-д айлчлах гэж байна | ||
| Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.