Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонин өчигдөр өглөөний дугаарынхаа 4 нүүрийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Хятадад хийсэн айлчлалд зориулж, 35 гэрэл зураг байрлуулжээ.
Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удирдагчийнхаа гэргийн хамт Бээжинд хийсэн хоёр хоногийн айлчлалын талаар мэдээлсэн. Харин өмнөх хоёр удаагийн айлчлалаар айлчлалын талаарх мэдээлэл удирдагчийг нь эх орондоо эргэн ирсний дараа гарч байсан юм.
Сонин уншигчдын анхаарлыг юуны өмнө айлчлал найрсаг нөхөрсөг уур амьсгалд боллоо гэдэгт хандуулж, хоёр орон хооронд тогтсон харилцан ойлголцол, хамтын ажиллагааг цохон тэмдэглэсэ байна. “Талууд зөвхөн Солонгосын хойгт төдийгүй мөн дэлхий дахинд, олон улсад бий болсон нөхцөл байдлыг ул суурьтай авч хэлэлцэж, санал солилцлоо” гэж сонин онцолж байна.
Тэгвэл Умардын цахилгаан мэдээний төв агентлаг гол анхаарлыг айлчлалын танилцах хэсэгт хандуулж байна. Ким Жон Ун Бээжингээс эх орон руугаа буцахын өмнө Хятадын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч үйлдвэрээр орж, Хөдөө аж ахуйн академийн дэргэдэх шинжлэх-ухаан техникийн инновацийн хүрээлэн болон Тээвэр удирдах газрын ажилтай нь танилцсан юм.
Ким Жон Уны энэ айлчлал түүний Хятадад сүүлийн гурван сард хийж байгаа гурав дахь удаагийн айлчлал байлаа. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, энэ сарын 12-нд Сингапурт болсон АНУ-Умард Солонгосын түүхэн уулзалтын үр дүн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тал дээр цаашид хийх алхмуудыг хэлэлцсэн.
Ким Жон Ун энэ оны гуравдугаар сарын 25-28-нд Хятадад анхны айлчлалаа хийсэн бөгөөд дараа нь тавдугаар сарын 7-8-нд Далянь хотод БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм.
| Ким Жон Уны БНХАУ-д хийсэн айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлж байна | ||
| Үзсэн: 2423 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.