Шууд Chart

Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салгадаг практикаа зогсоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

2018-06-22 12:47:29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаач, дүрвэгчдийн гэр бүлийг, эцэг, эх хүүхдүүдийг салгаж хагацаадаг практикаа зогсоох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Цагаан ордны "Зууван" танхимд болсон арга хэмжээнд Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстьен Нильсен, дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар байлцлаа.

Зарлиг баталснаар Ерөнхийлөгч Хууль зүйн яаманд АНУ-ын хилийг хууль бусаар давсан цагаач гэр бүлүүдэд шүүх хэргийг нь хэлэлцэх хүртэл урьдчилан саатуулах газруудад хүүхдүүдийн хамт байхыг зөвшөөрөхийг үүрэг болгож буй юм байна. Мөн энэ зарлигийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яам болон Пентагонд хууль бус цагаачдын гэр бүлүүдийг байрлуулах газрыг сонгоход нь дэмжлэг үзүүлэхийг даалгаж байгаа юм байна.

Шаардлага гарах тохиолдолд цагаачдыг байрлуулах байр шинээр барихыг хүртэл үгүйсгэхгүй байна. “Гэр бүлүүдийг, эцэг, эх хүүхдүүдийг салгаж байгааг харах нь надад таалагдсангүй” гэж Трамп хэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп эцэг, эхтэй нь хүчээр салгаж байгаа цагаачдын хүүхдүүдийг дэмжиж үүнийг зогсоохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Тэргүүн хатагтайн хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришем “Си-Эн-Эн” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хатагтай Трампад гэр бүлээс нь салгаж байгаа хүүхдүүдийг харах үнэхээр хүнд байна. Түүний үзэж байгаагаар энэ бол алдаатай бодлого, АНУ-ын эрх баригчид энэ насанд хүрээгүй хүүхдүүдэд илүү хүмүүнлэгийн талаас нь хандана байх” гэсэн юм байна.

АНУ-д үйлчилдэг хуулийн дагуу хууль бусаар хил нэвтрэн орж ирж байгаа цагаачдын хүүхдүүдийг баривчлах эрх байдаггүй учраас эцэг, эхээс нь тусад нь тусгай төвүүдэд байрлуулдаг бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 31-ний хооронд 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгасан явдал Трампын улс төрийн өрсөлдөгч, намын нөхөд, олон улсын хүрээнд шүүмжлэл дагуулсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салгадаг практикаа зогсоох тухай зарлигт гарын үсэг зурлаа   
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй