БНАСАУ цөмийн зэвсгээс иж бүрэн ангижрах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байна гэж ОХУ-д айлчилж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ. Тэрбээр Оросын төрийн думд үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.
Мүн Жэ Ин “Өмнөд болон Умард Солонгос, АНУ-ын хувьд дайны цаг үе ард хоцорсон. Гурван улс Солонгосын хойгт энх амгалан байдал тогтоохын төлөө” гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр “АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохыг, орон хооронд дайсагнасан харилцаа эцэс болсон гэдгийг зарласан. Пхеньян цөмийн болон пуужингийн туршилтын талбайнуудаа хааснаар цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байна” гэж хэллээ.
Өмнөд Солонгос, АНУ хоёр үүний хариуд умардуудад үзүүлэх цэргийн дарамт шахалтаа багасгаж, цэргийн сургуулилтаа зогсоож буй юм байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Солонгосын хойгт энх амгалан байдал тогтсоноор Солонгос хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, Орос, Өмнөд болон Умард Солонгосын гурван талт хамтын ажиллагаа өргөсөн тэлж, гурван улс төмөр зам, байгалийн хийн нийлүүлэлт, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж нээгдэнэ” гэдгийг онцоллоо.
Тэрбээр мөн “Ерөнхийлөгч Путин алс Дорнодыг хөгжүүлэх өөрийн гэсэн үзэл бодолтой. Миний бодлого ч гэсэн алс Дорнодын орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн. Бид хоёрын бодлогод нэгдмэл зүйл зөндөө бий“ гэлээ.
| Мүн Жэ Ин: БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 2021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.