Турк улсад өчигдөр Ерөнхийлөгчийн болон парламентийн ээлжит бус сонгууль боллоо. Сонгууль орон нутгийн цагаар өглөөний 8 цагт эхэлж, оройн 17 цаг хүртэл үргэлжилсэн юм. Туркийн Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуулийн 99 хувийн сонгогчийн саналыг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нийт сонгогчдын 53 хувийн санал авсан тухай мэдэгдэж байна.
Харин түүний гол өрсөлдөгч хэмээн үзэж байсан Туркийн сөрөг хүчний “Ардын бүгд найрамдах нам”-ын төлөөлөгч Мухаррем Инжэ нийт сонгогчдын 31 хувийн саналыг авчээ.
Мөн курдын талыг баримтлагч "Ард түмнүүд ардчилал нам"-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8.3 хувь, "Сайн нам"-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7.4 хувийн санал авсан байна. Энэ удаагийн парламентийн сонгуульд Туркийн үндэсний их ассамблейн 600 суудлын төлөө сонгуулийн 87 тойрогт гурван нам, хоёр эвсэл өрсөлдлөө.

Эдгээр нам эвслээс Үндэсний их ассамблейд 301 суудал авснаар олонх болж, засгаа тэргүүлэх боломжтой болох юм. Энэ удаагийн сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлий нам болон үндэсний хөдөлгөөний нам нэгдэн “Ард түмний эвсэл” 342 суудлыг аваад байна.
Турк улс сонгуулийн хуулийн дагуу бүх нийтийн сонгуулиа 2019 оны 11 дүгээр сард явуулах байсан. Гэвч тус улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу, парламентийн засаглалтай Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон юм. Ингэснээр Засгийн газрын дарга гэдэг албан тушаалыг халж, Төрийн тэргүүн гүйцэтгэх засаглалын тэргүүн байхаар болсон. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хугацаанаас нь өмнө сонгууль явуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр зарласан юм. Ингээд түүний зарласны дагуу өчигдөр тус улсад Ерөнхийлөгчийн болон парламентийн сонгуулийн санал хураалт боллоо.
Туркийн энэ удаагийн ээлжит бус сонгууль Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлогод чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид харж байна. Учир нь Турк улс бүс нутгийн гүрэн гэдэг үүднээсээ Ойрхи Дорнодын улс төр, цэрэг армийн бодлогод гол тоглогчийн байр сууриар оролцож, зарим чиглэлд үр дүнтэй бодлого хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаагийн сонгууль нь Турк улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн чухал сонгуульд тооцогдож буй юм байна.
Туркийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өнгөрсөн оны үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжсэн бүх нийтийн санал асуулгын үр дүнд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн албан тушаалыг хашна. Өөрөөр хэлбэл, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлнэ, дэд ерөнхийлөгч болон шүүгчдийг томилох гээд эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх юм.

Эрдоган дахин ялалт байгуулснаар Турк улсын эдийн засаг, улс төрийн хүчирхэг байдлын төлөөх бодлогоо үргэлжлүүлэх болов уу гэсэн хүлээлт байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр дотоод бодлогодоо багагүй анхаарч, тухайлбал, 100 мянган ажлын байр шинээр бий болгох аж үйлдвэрийн мега төслүүд хэрэгжүүлэхээ амлаж байсан.
| Турк улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Таийп Эрдоган ялалт байгуулж байна | ||
| Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.