Саудын Арабын эмэгтэйчүүд олон нийтийн замд автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож эхэллээ. Олон жил үргэлжилсэн хоригийг цуцалсан вангийн зарлиг орон нутгийн цагаар Бямба гаригийн шөнийн 00 цагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өнөөдрийг хүртэл Саудын Араб улс эмэгтэйчүүдэд машин жолоодохыг хориглосон дэлхийн цорын ганц улс байлаа. Зарим гэр бүл эмэгтэйчүүдэд зориулан жолооч хөлсөлдөг байжээ.
Энэ шийдвэрийн талаар өнгөрсөн оны есдүгээр сард анх зарлаж байсан бөгөөд эмэгтэйчүүд энэ сарын эхээр машин жолоодох эрх буюу жолооны үнэмлэх авсан байна. Хэдийгээр Саудын Араб улсад эмэгтэйчүүдийн эрхийг өргөтгөх ажил ийнхүү хийгдэж эхэлж байгаа ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, идэвхтэнүүд илүү их өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж байна.

Засгийн газрын өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын хүрээнд орон даяар зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан жолооны сургуулиуд ажиллаж, шинэ жолооч нарыг бэлтгэж буй юм байна. Одоогийн байдлаар 2000 гаруй эмэгтэй жолооны үнэмлэх авахаар тооцоо гарчээ. Хориг үйлчилж байх хугацаанд Саудын Арабын эмэгтэйчүүд зөвхөн такси дуудаж үйлчлүүлэх, эсвэл эрэгтэй жолооч хөлслөх замаар автомашинаар зорчдог байжээ.
Саудын Араб бол эмэгтэй хүнд хамгийн хатуу хориг хаалт тавьдаг орнуудын нэг. Өнгөрсөн оны есдүгээр сард Саудын Арабын ван Салман Бин Абдулазиз олон жил мөрдөгдөж ирсэн хууль журмыг өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зурж, эмэгтэйчүүд Исламын хуулийн дагуу жолоо барихыг зөвшөөрч байгаагаа зарласан юм.

Анх 1990 онд тус улсад эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө тэмцэл эхлэж, өнгөрсөн хугацаанд 50 орчим эмэгтэй эрхийнхээ төлөө жагсаж, ямар нэгэн байдлаар шийтгэл амссан байна. Одоогоор эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 17 хүнийг баривчлан хорионд байлгаж байна.
Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл, 20 хүртэлх жил хорих ял оноож магадгүй юм байна. Эрхийнхээ төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийг баривчилсан энэ үйл явдал Эр Рияадын өөрчлөлт шинэчлэлтийн бодлого, амлалт бодитоор хөрсөн дээр хэрэгжих эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг "Аль Жазера" агентлаг онцолсон байна.
| Саудын Арабын эмэгтэйчүүд олон нийтийн замд автомашин жолоодож эхэллээ | ||
| Үзсэн: 1635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.