Өнөөдөр Өмнөд Солонгосын улаан загалмайн нийгэмлэгийнхэн ирэх 8-р сарын 20-ноос 26-ны хооронд, 2 Солонгосын хагацсан гэр бүлийг уулзуулах уулзалтад оролцох хүсэлтэй 500 иргэнийг сонгон шалгаруулах юм байна. Шалгаруулалт орон нутгийн цагаар өнөө өглөөний 11 цагт эхэлсэн шалгаруулалтыг ком-ын тусламжтайгаар, санамсаргүй байдлаар сонгох юм байна. Гэхдээ эдгээр сонгогдсон 500 иргэний материалыг Умард Солонгосын талд илгээж гэр бүл нь баттай байгаа эсэхийг нягтлан шалгана. Энэ сарын 22-ны өдөр 2 улсын төлөөлөгч Умард Солонгосын Кумданг ууланд байрлах цогцолборт хэлэлцээ хийж 2 Солонгосын талаас тус бүр 100 иргэнийг энэ уулзалтад оролцуулахаар тохиролцсон юм.
1950-53-оны хооронд болсон Солонгосын дайны дараа Солонгос улс 2 хуваагдаж хэдэн сая гэр бүл хагацаж өдгөө 60 гаруй жилийн турш ямар ч холбоо харилцаагүй амьдарч байна. Өмнөд Солонгосын улаан загалмайн нийгэмлэгээс гаргасан тоо баримтаас үзвэл зөвхөн тус улсад л гэхэд гэр бүлээсээ хагацсан 132 гаруй мянган иргэн бүртгэлтэй байдаг байна.
Харин Умард Солонгост яг хичнээн тооны гэр бүлээсээ хагацсан иргэдийн тухай мэдээлэл тодорхой байдаггүй боловч ойролцоогоор мөн тооны иргэд байдаг гэсэн судалгаа байдаг юм. Одоо эдгээр иргэдийн 56 мянга нь л амьд сэрүүн амьдарч байна. Тэднийг хоорондоо захидал бичих утсаар ярихыг зөвшөөрдөггүй учраас хагацсан гэр бүлүүдийг уулзуулах уулзалт нь тэд бие биеэ харах цорын ганц боломж байдаг юм. Өнгөрсөн хугацаанд 2 Солонгосын засгийн газар хоорондын хэлэлцээгээр анх 2000 оноос энэ уулзалтыг санаачилж 2015 он хүртэл нийт 19 удаа хагацсан гэр бүлийг уулзуулах уулзалтыг зохион байгуулж байжээ. Эдгээр уулзалтуудын үеэр 2 улсад амьдарч байгаа нийт 22 гаруй мянган иргэн энэ уулзалтад оролцсон гэсэн тоо байдаг.
Гэхдээ одоогоор зөвхөн Өмнөд Солонгост л гэхэд хагацсан гэр бүлийнхэнтэйгээ анх удаа уулзахаар 53 мянган иргэн эрхээ хүлээж байгаагийн 85 хувь нь 80-аас дээш насны хүмүүс байна. Хамгийн сүүлчийн уулзалт өнгөрсөн 2015 онд болж тухайн үед 650 хүн энэ уулзалтад оролцож гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж байжээ. Ийнхүү 2 Солонгосын харилцаа сайжирснаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулах уулзалт 3 жилийн дараа 200 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдахаар болж байна.
| Хагацсан гэр бүлийг уулзуулах уулзалтад оролцох хүсэлтэй 500 хүнийг сонгон шалгаруулна | ||
| Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.