Шууд Chart

Чехийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авч ирж Говь-Алтайд нутагшууллаа

2018-06-26 09:22:39

Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах төслийн хүрээнд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг авч ирж унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

Ингэхдээ дөрвөн тахийг Чехийн цэргийн нисэх хүчний агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авч ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэсэн юм.

Ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшилж байна.

Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэгт Монгол орны Зүүнгарын говийн ихэнх нутаг буюу Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумын Монгол Алтайн нуруу, түүний салбар уулс, улсын хилийн дагуу орших Тахийн шар нуруу, Тахийн хөх өндөр, Хавтагийн уулсаар хүрээлэгдсэн хонхор тогооны хэлбэртэй, одой заган ой бүхий хужир мараалаг цайдам хотгор тогтоцтой нутаг юм.

Энэхүү өргөн уудам нутагт тахь, цоохор ирвэс, зүүнгарын даахай, сухайн чичүүл, давжаа алагдаага зэрэг нэн ховор амьтан болон хар сүүлт, зээр, аргаль, янгир, шилүүс зэрэг ховор амьтан тархан нутагшиж буй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чехийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авч ирж Говь-Алтайд нутагшууллаа  
Үзсэн: 2603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй