Шууд Chart

Дональд Трамп: АНУ-д хил гааль, гадаадын иргэн харьяатын албыг цомхотговол нэг ч хүн гэрээсээ гарч чадахгүйд хүрнэ

2018-07-02 12:30:31

Хэрвээ АНУ-ын хил гааль, гадаадын иргэн харьяатын албыг цомхотговол Америкийн нэг ч оршин суугч гадаа гудамжинд аюулгүй байж чадахгүй гэдэгт Ерөнхийлөгч Трамп итгэлтэй байна. Тэрбээр телевизийн “Фокс ньюс” сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

Сэтгүүлч Ерөнхийлөгчөөс Ардчилсан намынхны гадаадын иргэн харьяатын албыг цомхотгох тухай мэдэгдэлд тайлбар хийхийг хүсчээ. Энэ алба АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яаманд харьяалагддаг бөгөөд хил хамгаалах, хууль бус цагаачдыг саатуулах, албадан гаргах асуудал эрхэлдэг юм. 

Трамп сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа “Ардчилсан намынхан энэ талаар бодсоор л байгаа байх. Гэхдээ тэд ялагдал хүлээх нь дамжиггүй” гэлээ. Ингэхийн сацуу Трамп энэ албаны ажилтнууд АНУ-д хамгийн харгис хэрцгийд тооцогддог, Сальвадороос гаралтай иргэдийн үүсгэн байгуулсан “Эм-Эс-13” нэртэй гэмт бүлэглэлтэй маш идэвхтэй тэмцэж байгааг санууллаа.

Дональд Трамп “Хэрвээ та бүхэн хил гааль, гадаадын иргэн харьяатын албыг үгүй хийвэл манай улсад нэг ч хүн айснаасаа болж гэрээсээ гарч чадахгүйд л хүрнэ” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард  Америкийн Хууль зүйн яам цагаачлалын хууль тогтоомжийг зөрчигчдийн эсрэг, тэр дотор хүүхэдтэйгээ хил даван орж ирж байгаа цагаачдын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж эхэлснээс болж АНУ-д маш том шуугиан дэгдсэн.

Энэ бодлогын дүнд хүүхдүүдийг эцэг, эхээс нь хүчээр салгаж, хүүхэд асрах төвүүдэд хуваарилж, шүүхийн шийдвэр гартал тусад нь байлгаж байлаа. Энэ бүгдээс үүдээд бүтэн хагас сарын хугацаанд л гэхэд 2.3 мянган хүүхдийг эцэг, эхээс нь салгасан хэрэг гарснаар Ерөнхийлөгч Трамп шүүмжлэлд өртсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: АНУ-д хил гааль, гадаадын иргэн харьяатын албыг цомхотговол нэг ч хүн гэрээсээ гарч чадахгүйд хүрнэ  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй