Шууд Chart

Бразилд загас үржүүлгийн фермийн байгууламжийг барьж эхэлжээ

2018-07-04 11:02:19

Техник технологийн шинэчлэлтүүд, шинэлэг санаанууд бүхий л төрлийн салбарт нэвтэрсээр байна. Эдгээрийн нэг бол фермийн аж ахуйн шинэ байгууламжийг ашиглалтад нэвтрүүлэх юм. Тодруулбал, саяхан Бразилийн “Fisher piscicultura aquaculture” компани далай тэнгисийн усанд загас үржүүлгийн зориулалтын шинэ төрлийн фермийн байгууламжийг бий болгох ажлыг эхлүүлсэн байна.

Загас үржүүлгийн зориулалтын энэ байгууламжийн тоноглол, ажиллах зарчим нь бусад төрлийн, үүнтэй төстэй аж ахуйн технологиос илүү онцлогтой болсон аж.

Загас үржүүлгийн фермерийн аж ахуй механик ажиллагаанаас автомат ажиллагааны ухаалаг системд шилжиж байна. Тусгай торон хашаанд загас үржүүлж, тэднийг хооллох, эрүүл ахуйн байдлыг нь хангах гээд анхаарал хандуулах асуудал нэг, хоёроор тогтохгүй. Цаашлаад тог цахилгаан, эрчим хүчний холболт гээд ярих зүйл их. Гэтэл энэ бүгдийг шийдэж, хялбарчилж өгсөн гаргалгаа бол тоног төхөөөрөмжөөр хангагдсан шинэ фермийн байгууламж юм.

Өмнө нь механик ажиллагааны үеэр маш их хэмжээний загас үхэж үрэгдэж багагүй алдагдал, эрсдэлийг бий болгодог байсан. Харин Бразилийн мэргэжилтнүүд үүнийг орчин үеийн шийдлийг ашиглан хялбархан шийдэж өгчээ. Шинэ үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон загас үржүүлгийн зориулалтын байгууламж дотроо хэд хэдэн торон тасалгаатай. Үүгээрээ загасыг ангилан ялгаж, тэднийг хооллох болон үхэж үрэгдэхээс нь сэргийлдэг байна.

Далай тэнгисийн усанд байршуулсан тус байгууламжийн өндөр нь 4.5 метр бол диаметр нь 12 метр юм байна. Төмөр торны голын дээд хэсэгт томоохон хэмжээний төмөр савыг байршуулжээ. Энэ нь 1200 кг-ийн багтаамжтай буюу загасны хоол тэжээлийг хадгалдаг сав юм байна. Цагийн хуваарийн дагуу загаснуудад шаардлагатай хэмжээний хоолыг нь өгнө. Эрчим хүчний асуудлыг нарны зайн хураагуурын төхөөрөмжөөр шийдэж өгчээ.

Хооллох автомат төхөөрөмж өдөрт 48 удаа хавхлагаа нээж загаснуудыг хооллодог. Эдгээр бүх зүйлийг хослуулан автоматжуулснаар цаг хугацаа, эрчим хүч, эдийн засагт мэдэгдэхүйц хэмнэлтийг авчирсан байна. Мөн өмнө нь их хэмжээгээр үхэж хорогдож байсан загасны тоог буурах бус өсгөхөд нөлөөлжээ.

Үржүүлгийн фермийн байгууламжид томорч гүйцсэн загасны өөр нэг тасалгаанд шинээр жижиг загаснуудыг зөөвөрлөн шилжүүлж, тус тусад нь өсгөдөг байна. Цаашид ийм төрлийн байгууламжийг хэд хэдийг шинээр барьж байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд загас үржүүлгийн фермийн байгууламжийг барьж эхэлжээ   
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй