Тайландад агуйн гүн боогдчихоод байгаа өсвөрийн хөлбөмбөгчин 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамтаар нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Өчигдөр аврах ажиллагааг удирдаж байгаа багуудын удирдагчид хүүхдүүдийг агуйн ам руу гаргах төлөвлөгөөг хэлэлцэж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа эхлүүлэх өдрөө зарлана гэж мэдээлж байсан. Гэвч одоогоор ийм шийдвэр гаргаагүй байна.
Багш, хүүхдүүдийг агуйн амнаас 6 км-ийн цаанаас гаргаж авна. Үерийн улмаас агуйн багагүй хэсэг усанд автсан, зарим хэсгээрээ нарийн хонгилтой, ус нь хэт булингартай байгаа зэргээс болж нүүлгэн шилжүүлэлтийн ажил эрсдэлтэйд тооцогдож байгаа юм. Юуны түрүүнд багш, хүүхдүүдэд гүний усанд шумбахыг зааж сургаж дасгал хийлгэсээр байна.
Мэргэжилтнүүд эрсдэл ихтэй ажиллагааг шуурхайлахаас өөр аргагүй нөхцөл байдалд байна. Учир нь борооны улирал дуусах болоогүй, агуй дахин их усаар дүүрэх магадлалтай байгаа юм. Гүний усанд шумбагч мэргэжилтнүүд болон сайн дурынхан олон санал дэвшүүлж байна. Түүний дотор Францын шумбагчид нүүлгэн шилжүүлэлтийн тодорхой төлөвлөгөө санал болгоод байгаа аж.
![]()
Тайландын Засгийн газраас тэдэнд зөвшөөрөл өгвөл ажилдаа ороход ч бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Францын "Спелео Секоурс" байгууллагын сайн дурын аврагчид агуйн гүний усанд шумбадаг туршлагатай мэргэжилтнүүдтэй юм байна. Тэд үзэгдэх орчин байхгүй, булингартай усанд ч шумбаж чаддаг мэргэжилтнүүдээ ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Мөн Францын шумбагчид дамнуургатай ойролцоо зүйл зохион бүтээгээд байгаа юм байна. Хэрэв тухайн хүн бие даан шумбаж, урагшилж чадахгүй бол энэ дамнуургаараа усан доогуур зөөвөрлөх боломжтой.
Хөнгөн жинтэй, хөвөгч чадвартай учир туршлагатай хоёр шумбагч байхад л нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай хийж чадна хэмээн санал болгож байна. Гэхдээ зарим мэргэжилтэн ус татрахыг хүлээх хэрэгтэй. Энэ хооронд багш, хүүхдүүдийг шаардлагатай бүх зүйлээр нь хангах хэрэгтэй гэдэг санал тавьж байна.

| Агуйд боогдсон багш, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны тов тодорхойгүй байна | ||
| Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.