Тайландын тэнгисийн цэргийн хүчнийхэн агуйд боогдчихоод байгаа багш хүүхдүүдийг туршлагатай шумбагчдын дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсныг цуцалсан байна. Агуйд аврах ажиллагаанд сайн дураараа оролцож байсан Тайландын шумбагчдын нэг хүчилтөрөгч нь дууссанаас болж амиа алдсан учир энэ төлөвлөгөөг багш хүүхдүүдийн амь насанд аюултай гэж үзсэн байна.
Тайландын тэнгисийн цэргийн хүчнийхэн Их Британи, АНУ-ын шумбагчдын дэмжлэгтэйгээр хүүхдүүдийг агуйгаас гаргахаар төлөвлөж байсныгаа зэвсэгт хүчний удирдлага, дотоод хэргийн яам болон Чианграй мужийн захирагчид танилцуулаад байсан юм. Энэ ажиллагааны бэлтгэл болгож мэргэжилтнүүд агуйгаас хүүхдүүдийг гаргахад саад болох бүхнийг устгаж, нүүлгэн шилжүүлэлт хийх замыг аюулгүй болгох төхөөрөмжүүдийг суурилуулахаар төлөвлөсөн байсан.

ТУс төлөвлөгөөгөөр өнөөдөр багш, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхээр товлосон байжээ. Гэвч өнгөрсөн баасан гарагт агуйд боогдсон багш, хүүхдүүдэд хүчилтөрөгчийн баллон хүргээд буцаж явсан шумбагч амиа алдсан учир энэ ажиллагааг цуцлаад байна. Агуйн усыг соруулж шавхах ажилд үр дүн гарахгүй байгаа аж. Мөн Тайландын Ерөнхий сайд Прают Чан Оча хүүхдүүдийг аврах ажиллагааны төлөвлөгөөтэй танилцсан байна. Багш, хүүхдүүд бичсэн захидлыг өнгөрсөн баасан гарагт орой агуйд ажиллаж байгаа шумбагчдын баг эцэг эх, багш нарт нь авчирч өгсөн байна. Хүүхдүүд энэ захидалдаа "Бие нь сайн байгаа, санаа зовох хэрэггүй. Агуйгаас гарсан даруйдаа амттай зүйлс идэхийг маш их хүсч байгаагаа, гараад л шууд гэртээ харихаа" бичсэн байлаа. Мөн багш нартаа хандаж гэрийн даалгавар одоохондоо өгөхгүй байхыг хүссэн байлаа.
Хүүхэд бүр биеийн байдал нь ямар байгаагаа өөрийн гараар бичсэн байжээ. Түүнчлэн өсвөрийн хөлбөмбөгчдийн дасгалжуулагч багш дэмжиж байгаа бүх хүмүүст талархаж буйгаа бичсэн байсан төдийгүй хүүхдүүдийн эцэг эхээс уучлал гуйсан байна. Хүүхдүүдийн эцэг, эх сүүлийн 2 долоо хоногийн туршид агуйн амны ойролцоо босгосон майхант хотхонд амьдарч байна. Тэд шинэ мэдээ бүрийг хүлээж хүүхдүүдээ эсэн мэнд агуйгаас гараасай хэмээн залбирцгааж байна. Тайландын зарим иргэд дасгалжуулагч багшийг борооны улирал эхлэх гэж байгааг мэдсээр байж хариуцлагагүйгээр хүүхдүүдийг агуй руу авч орсон хэмээн буруутгаж байгаа юм. Гэхдээ нөгөө хэсэг нь багшийн ачаар л хүүхдүүд агуйн аюулгүй хэсэгт очиж хоол хүнсгүй 9 хоног тэсч чадсан учир түүнийг баатар хэмээн цоллож байна.
| Шумбагчдын тусламжтайгаар агуйд боогдсон хүүхдүүдийг гаргах төлөвлөгөөг цуцалжээ | ||
| Үзсэн: 2401 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.