Тайландын агуйд боогдчихоод байгаа багш хүүхдүүдийг аврах 3-4 хоногийн хугацаа байна хэмээн орон нутгийн эрх баригчид үзэж байна. Чианграй мужийн захирагч Наронгсак Оссатанакорн багш хүүхдүүдийг аврах хамгийн боломжтой нөхцөл бүрдээд байгааг мэдэгджээ.
Аврагчид удахгүй аадар бороо орж агуйн нарийн хонгилуудыг усанд автуулж мэднэ хэмээн болгоомжилж байгаа аж. Өнөө өглөө сэтгүүлчид болон тэнд цугласан олноос аврах ажиллагаанд оролцож байгаагаас бусад хүмүүсийг агуйн ойролцоох нутаг дэвсгэрийг орхин явахыг хүсчээ. Цагдаагийнхан аврах ажиллагаанд зориулж энэ газрыг чөлөөлж байгааг мэдэгдсэн ч тус ажиллагаа хэдийд эхлэхийг мэдээлсэнгүй. Агуйд боогдчихоод байгаа өсвөрийн хөл бөмбөгчид багшийнхаа хамт тусгай хэрэгсэлтэйгээр гүний усанд шумбаж сурсан байна. Агуйн гүнд хүчилтөрөгч дутагдалтай болж байгаагийн зэрэгцээ аадар бороо орсоор байгаа учир аврагчид нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхайлахаар төлөвлөж байна. Энэ хоорон АНУ-ын Спэйс Икс Тесла компанийг үндэслэгч Илон Маск хүүхдүүдийг агуйгаас гаргах өөрийн багийн төлөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлав.
Тус компанийн шинжээчид Фалкон пуужингийн дамжуулагч хоолойн корпус дээр үндэслэн жижиг хэмжээний шумбагч төхөөрөмж бүтээхийг санал болгосон байна. Энэ шумбагч төхөөрөмжийг агуйн нарийн хонгил хэсгүүдээр багтахаар, 2 шумбагч авч явж болохуйц хөнгөн жинтэй хийх боломжтой гэж Макс олон нийтийн сүлжээ Твиттер хуудсандаа бичжээ. Харин Тайландын агуйд аврах ажиллагааг зохион байгуулж байгаа штабын тэргүүн олон нийтэд хандаж тэднийг яаруулахгүй байхыг хүссэн байна.
Аврагчид бүгд л багш, хүүхдүүдийн төлөө сэтгэл зовниж байна. Гэвч олон нийт болоод сэтгүүлчид яг хэдийд хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхийг байнга асууж байгаа аж. Аврах ажиллагааг зохион байгуулагчид "Яг одоогоор хэдийд, хэдэн цагт энэ ажиллагаагаа эхлүүлэх тухай тодорхой хэлэх боломж байхгүй. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, эсэн мэнд агуйн аман дээр авчирч чадна гэсэн итгэлтэй болсон цагт энэ ажиллагаагаа эхлүүлнэ" гэдгээ өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
| Агуйд боогдсон багш хүүхдүүдийг аврах 3-4 хоногийн хугацаа байна гэв | ||
| Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.