Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 275 өрх үерийн усанд автагдаж, 95 иргэн орон гэргүй болжээ.
Үерийн гамшгийн улмаас аймгийн төвийн 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багийн айл өрхүүд хашаа, байшин нурсан, худаг нь шороонд дарагдсан зэрэг хохирол амсаад байна. Хүний амь нас эрстсэн тохиолдол бүртгэгдээгүй ч материаллаг хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Цахилгаан, шугам сүлжээний газар зэрэг долоон байгууллага гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна. Тэрбээр 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 95 иргэнийг Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд байрлуулжээ.
Уг асуудлаар өнөө өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар учирсан хохирлын хэмжээг тогтоох, үерт нэрвэгдсэн хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, хуримтлагдсан усыг зайлуулах, гэр оронгүй болсон иргэдэд туслах, хоол хүнсээр хангах, эрүүл мэндэд нь анхаарах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, А.Камелият нараар ахлуулан байгуулжээ.
Баян-Өлгий аймгийн хувьд энэ удаагийн үер анхных биш юм. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орсон борооны улмаас Өлгий сумын 6, 9 дүгээр багт 160 гаруй өрхийн 640 иргэн үерт нэрвэгдэж байжээ. Өлгий хот нь уулын аманд хонхор газар байрласан тул үерийн гамшиг олон жилийн өмнөөс оршин суугчдын санааг зовоосон асуудал байсаар ирснийг иргэд хэлж байна.
Орон нутгийн удирдлагын зүгээс Өлгий хотыг тойруулан үерээс хамгаалах далан барих ажлыг энэ жил эхлүүлсэн байна. Нийт өртөг нь 35 тэрбум төгрөг болох хамгаалалтын далангийн зураг төсөв нь гарч, эхний газар шорооны ажлууд нь хийгдэж эхэлснийг аймгийн Засаг дарга А.Гылымхан онцолж байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр аадар бороо энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэн орж, Ховд, Сагсай, Буянт, Чигэртэй, Цагаан, Согоог, Харбут голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын дагуу суурьшиж, уулын ам, үер буух эрсдэлтэй газар зусаж байгаа айл өрх, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.




Сурвалжилсан: Ө.Нурболат
| Баян-Өлгий аймгийн 275 өрх үерийн усанд автжээ | ||
| Үзсэн: 2726 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.