Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртсөн талаарх мэдээллийн манай сурвалжлагч Ө.Нурболат мэдээллээ.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, зэвсэгт хүчин болон хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар зэрэг 18 байгууллагын 551 хүн, 24 техник гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч, дөрвөн нэгж техник нэмэлтээр иржээ.
Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өлгий хотод ирж ажиллаж байгаа. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгааг ажлын хэсэг онцолж байна.
Үерийн гамшгийн голомтоос нийтдээ 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ. Түүнчлэн радио, телевизийн өргөн нэвтрүүлэх антены хашаанд хуримтлагдан тогтсон их хэмжээний үерийн усыг тогтоон барих 1,1 км далан босгосон ч сэтрэх аюултай байсан тул 300 метр шуудуу татан Эрчим баян-Өлгий компанийн илүүдэл ус зайлуулах цөөрөмд юүлээд байна.
Өчигдөр аймгийн Онцгой комисс дөрөв дэх удаагаа хуралдаж цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцжээ. Хуралдаанаар ойрын хугацаанд зайлшгүй шаардагдаж буй аврах, эрэн хайх, үерт автагдсан газрыг халдваргүйжүүлэх, орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хоол хүнс, тээвэр шатахууны зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг улсын Онцгой комисс уламжлан шийдвэрлүүлэхээр тогтсон байна.
| Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн айл өрхийн тоо 530-д хүрчээ | ||
| Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.