Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон үерийн гамшигт урьдчилсан байдлаар 600 гаруй өрхийн 3000 орчим иргэн нэрвэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар 900 гаруй иргэн түр хоргодох байруудад байрлаад байна.
Гамшигт нэрвэгдэж орон байргүй болсон иргэдийг аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг зэрэг 9 газарт түр хоргодуулж байна. Түүнчлэн тэднийг аймгийн ЗДТГ, албан байгууллагууд хоол хүнс, шаардагдах бусад хэрэгслээр хангаж байгаа юм.
Тэдний дотор 0-5 насны 176, 6-10 насны 111, 11-15 насны 105, 16-18 насны 33, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, хагас өнчин 28, бүтэн өнчин хоёр хүүхэд байгаа аж. Мөн нэг хүүхэд бэртэл авч, 20 хүүхэд баримт бичиггүй болжээ.
Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотоос ирж, энэ өдрүүдэд гамшгийн голомтод ажиллаж байна. Тэрбээр аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран үерт нэрвэгдсэн айл өрхүүдийн орчны эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм.
Түүний тайлбарласнаар ирэх даваа гарагаас гамшигт нэрвэгдэн түр хорогдох байруудад амьдарч байгаа иргэдийн дундаас орон байргүй, нярай хүүхэдтэй өрхүүд, эцэг, эх, асран хамгаалагчгүй хүүхдүүдийг тусгаарлан Өлгий сумын тавдугаар цэцэрлэгт байрлуулж, ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл шаардагдах тусламж, дэмжлэг үзүүлэх ажээ.
| Үерт нэрвэгдсэн 420 гаруй хүүхэд түр хоргодох байранд амьдарч байна | ||
| Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.