Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын 105 жилийн ой, Зүү бүсийн хурд-2018 наадам болж байна. Тахилгын зан үйл, баяр наадмын нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох хүмүүсийн хамтаар оролцжээ. Мөн Монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтнүүд ирсэн байна.ойролцоогоор 40 орчим мянган хүн цуглажээ. Алтан овооны 100 жилийн ойг 2013 онд тэмдэглэсэн ч зөвхөн тахилгын зан үйлийг хийж байжээ.төрийн долоо дахь удаагийн тахилгад Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан, Б.Ундармаа болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож байна. Ээлжит тахилгын эхэнд МУ-ын төрийн далбаа, төрийн хар сүлд, Сүхбаатар аймгийн туг зэргийг монгол төрийн долоон эрдэнийн хамт алтан овооны энгэрт залсанаар төрийн тахилгын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Улмаар Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг ерөнхий сайд У.Хүрэлсүх хурсан олонд сонордуулж, тахилга, баяр наадмын ажилд амжилт хүслээ.
Мөн алтан овооны эзэн сахиус цагаан морийг сэтэрлэж, идээ шүүснийхээ дээжийг хайрхандаа өргөж, монгол төр түмнийхээ ирээдүй заяа буяныг даатгасан байна. Тахилгыг зорин ирсэн төрийн төлөөллүүд болон Алтан овооны тахилгын арга хэмжээнд зориулан хандив өргөсөн хандивлагчдад зохион байгуулагчид талархал илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд нутгийн уугуул иргэдээс нийт 700 гаруй сая төгрөгийн хандив цуглажээ. МБШТ Гандантэгчинлэн хийд болон Сүхбаатар аймгийн БШТ Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд уул ус байгаль дэлхийгээ аргадах, хайрханы эзнийг залж, нийт иргэдийн хэрэг үйлийг даатгах шашны зан үйлийг хийсэн юм. Хэдэн зууны тэртээгээс хошуу нутгаараа тахин шүтэж ирсэн энэ хайрханыг өдгөө монголчууд төдийгүй гадаадын жуулчид зорин ирэх болсон нь түүний түүхтэй холбоотой.
10 жилийн дараахь том тахилга,нөгөө талаараа зүүн бүсийн хурд наадамтай хамт болж байгаа гэдэг утгаараа монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс иржээ. Зохион байгуулагчдын зүгээс 30-35 мянган хүн цуглана гэж төлөвлөж байсан ч энэ тоо хэдийн давсан гэдгийг хэлж байлаа. Баяр наадмын нээлт хоёр дахь өдөр нь болсон байна. Нээлтийн арга хэмжээг Монголын үндэсний урлагийн их театр, СБ аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид хамтран хийжээ. Ингэхдээ алтан овоо, шилийн богд хайрханы түүх, онцлогийг уран бүтээлээр дамжуулан харуулахыг зорьжээ.
Сурвалжлагч: Т.Одончимэг
| Алтан овооны тахилгыг зорин 40 орчим мянган хүн иржээ | ||
| Үзсэн: 2309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.