Иран Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Хамид Абуталеби АНУ-тай яриа хэлэлцээ хийх нөхцлөө танилцууллаа. Хэрэв АНУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт гэрээнд эргэж нэгдвэл тус улстай яриа хэлэлцээ хийх боломжтой хэмээн тэрээр онцлон мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногийн эхэнд ямар нэгэн урьдчилсан нөхцөл, шаардлагагүйгээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзалт хэлэлцээ хийх боломжтойг мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр ийм хүсэлтийг Ираны тал гаргах ёстой ч дээд уулзалт хийхэд бэлэн биш байгаа байх хэмээн нэмж хэлсэн юм. Харин Ираны Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Хамид Абуталеби олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа, орчин цагийн нийгэмд маргаанаа эцэслэх арга нь яриа хэлэлцээ гэдэг итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр, АНУ нь Ираны аугаа үндэстнийг хүндэлж, байлдааны ажиллагаануудаа багасгаж, цөмийн гэрээндээ эргэн нэгдэх ёстой хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сарын 8-ны өдөр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт гэрээнээс Вашингтон гарч байгааг зарласан. Мөн Ираны эсрэг, түүний дотор тус улстай хамтарч бизнес эрхэлж байгаа улс орнуудын эсрэг авсан бүх хориг арга хэмжээгээ сэргээхээ мэдээлсэн. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээнд гарын үсэг зурсан бусад улс орнууд Вашингтоны энэ шийдвэрийг буруушаасаар ирсэн. АНУ-ын Европ дахь түнш орнууд нь болох Герман, Франц улсууд мөн Ирантай байгуулсан гэрээнийхээ заалтыг цаашид ч биелүүлэхээ амласан юм.
| ИРАН: Цөмийн гэрээнд буцаж нэгдвэл АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн... | ||
| Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.