Шууд Chart

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэхээр төлөвлөж байна

2018-08-02 11:50:57

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 10-аас 25 хувь болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Ройтерс, Блүүмберг  агентлагууд эх сурвалжийнхаа мэдээллээс иш  татан дамжуулсан юм. Америкийн засаг  захиргааны энэ арга хэмжээ  дэлхийд  эдийн засгаараа тэргүүлэгч 2 орны хооронд дахь  худалдааны  дайныг  хурцатгахад  хүргэнэ  хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж  байна.

Хэвлэлүүдийн мэдээлж  байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Хятадын 200 тэрбум ам.долларын нийт өртөг бүхий бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг ийнхүү нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Ерөнхийлөгч Трамп Бээжинд ийнхүү дарамт шахалт үзүүлж, хэлэлцээний  ширээний  ард  суулгахыг  хүсч байна хэмээн шинжээчид  бас тэмдэглэж байна.  Mэрээр Хятадын  200 тэрбум ам.долларын бараа  бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувьд хүргэж  нэмэхээ  өнгөрсөн  6 дугаар сард  анх  мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн 7 дугаар сарын дундуур импортын гаалийн татвар нь нэмэгдэх Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Гэхдээ 10 хувийн татвар  ногдуулах  тухай  яригдаж байсан юм. Энэ жагсаалтад далайн бүтээгдэхүүнүүд, жимс ногоо, үр тариа, тамхи, хамгаалалтын дохиоллууд, автомашины сэлбэг хэрэгслүүд  багтсан байсан. Вашингтон тэр үед Хятад улс буулт хийх хүсэлгүй байгаагийн хариуд ийм арга хэмжээ авахаар бэлтгэж байна хэмээн тайлбарлаж байсан юм. Хятадын тал  импортын гаалийн татвараа нэмэх  Америкийн шинэ шийдвэрийн хариуг  барих  болно гэдгээ амлаж байсан. 

Харин 2 долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Трамп Хятадын экспортолж байгаа бүх бараанд  гаалийн татвар ногдуулахад бэлэн байгаагаа анхааруулж байсан юм. Энэ хооронд Америк-Хятадын төлөөлөгчид худалдааны дайн эрс хурцдахаас сэргийлэхийн тулд  хэлэлцээгээ сэргээхийг чармайж байгаа тухай Блүүмберг  мэдээлсэн. Америкийн сангийн сайд  Стивен Мнучин, Хятадын  төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ нар албан ёсны яриа хэлэлцээгээ сэргээх  арга замыг эрэлхийлэн уулзалт хийсэн байна. Гэхдээ  одоогоор  яриа хэлэлцээний тов, хэлэлцэх сэдвүүд, хэлэлцээний формат  зэргийг эцэслэн  тодорхойлоогүй  байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй