Шууд Chart

Авто замуудад хамтарсан үзлэг хийхээр төлөвлөж байсныг цуцалжээ

2018-08-11 10:05:14

Хоёр Солонгосын  албаны төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр авто замуудад хамтарсан үзлэг хийхээр төлөвлөж байсан ч Умард Солонгосын талаас энэ төлөвлөгөөг цуцалжээ. Энэ  тухай Өмнөд  Солонгосын  Ионхап  агентлаг мэдээллээ.  Тус агентлагийн  дамжуулж байгаагаар  Умард  Солонгосын тал энэ тухайгаа  албан бичгээр  Сөүлд  өнгөрсөн Пүрэв гарагийн орой мэдэгдсэн  байна. 

Гэхдээ энд ямар шалтгааны улмаас энэ шийдвэрийг гаргах болсоноо тайлбарлаагүй байна. Хоёр Солонгосын албаныхан Умард Солонгосын хилийн дагуух Кэсон хотоос Пхеньян хүрдэг  авто замд 7 хоногийн хугацаагаар үзлэг шалгалт хийхээр урьдчилан тохиролцоод байсан юм. Хоёр улсын авто замаар холбохын тулд одоо байгаа замуудад шинэчлэлийн ажил хийх  тохиролцоонд Өмнөд  болон Умард  Солонгосын удирдагчдын  өнгөрсөн 4 дүгээр сард болсон дээд уулзалтын хүрээнд хүрсэн юм. Энэ тохиролцоог ажил хэрэг болгох 2 талын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр мөн болсон. Өмнөд, Умард Солонгос  улсууд  Умардын  Кэмон  хотыг Өмнөд  Солонгосын Мунсантай  холбох 19 км-ийн урттай хурдны зам барих асуудлыг хэлэлцэж байгаа. Ингэснээр Пхеньяныг Сөүлтэй авто замаар  шууд  холбох боломж  бүрдэх юм. Гэхдээ ийм томоохон төслийг хэрэгжүүлэхэд  нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд саад учруулахаар  байна  гэж шинжээчид тодорхойлж  байна.

Үүний зэрэгцээ Умард Солонгосын талаас Сөүлд хүргүүлсэн тус албан мэдэгдэлтэй холбоотойгоор олон улсын ажиглагчид хоёр Солонгосын харилцаа хүйтрэх нь хэмээн болгоомжилж байна. Үүнтэй зэрэгцэн Умард Солонгосын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэл хийхдээ АНУ-ын зүгээс сүүлийн үед хийж байгаа алхмуудаас  болж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл  явцад дэвшил гарна гэж найдаж хүлээх хэрэггүй хэмээн онцоллоо. Түүнчлэн, Умард  Солонгосын тал цөмийн туршилтын талбайгаа устгасан, тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа  зогсоосон гээд цөмийн зэвсгээсээ  ангижрах  тодорхой  алхмуудыг хийж  ирснийг сануулсан юм.  Мөн Умардын цөмийн зэвсэгтэй холбоотой хуурамч мэдээлэл тараахын тулд  тагнуулынхныгаа  дайчилж, Пхеньяны  эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгах  шалтаг хайж  байна хэмээн АНУ-ыг буруутгасан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авто замуудад хамтарсан үзлэг хийхээр төлөвлөж байсныг цуцалжээ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй