Вьетнам Улсын Ханой хотын Вьетнамын дуу хоолой радиогийн төв байранд энэ сарын 21-нд МҮОНРТ, ВДХ хоёр талын уулзалт болов. Энэ үеэр хоёр байгууллагын удирдлагууд цаашид радио, телевизийн програмд тулгуурлан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд соёл, аялал, түүх зэрэгт анхааран ажиллах бөгөөд хоёр байгууллагын ажилчид туршлага солилцох зорилгоор хамтран ажиллах зэрэгт анхаарах юм.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг хүлээн авч уулзсан энэ уулзалтын үеэр Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа элчин сайд Б.Даш, МҮОНРТ-н үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар оролцсон юм. Харин Вьетнамын дуу хоолойгийн захирал Nguyen The Ky хэлэхдээ "Монгол, Вьетнам Улсын хувьд ойр дотно, түшиг улс билээ. Хоёр үндэстний хамтын нөхөрлөл үеийн үед бат бэх байсаар байх болно" гэв.
Монгол Улс нь Вьетнамтай 1954 онд анх дипломат харилцааг тогтоосон бөгөөд Вьетнам Улсыг тусгаар тогтнолоо олохын тулд тэмцэж байсан хэцүүхэн үед тус дэм болж байсан улсын нэг юм.
Вьетнамын дуу хоолой 1945 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд тэд найман радио суваг, 17 телевизийн суваг, хоёр дижитал сонин, нэг хэвлэлийн сонинтой аж.
Энэ удаагийн МҮОНРТ-ийн Вьетнамд ирсэн айлчлал Вьетнамын дуу хоолойгийн 73 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийн үе тохиолоо. Хоёр байгууллага өмнө нь 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах зорилготой байгаагаа илэрхийлэв.
МҮОНРТ нь нийт дөрвөн радио сувагтай бөгөөд Монгол, Англи, Орос, Япон, Хятад гэсэн таван хэлээр нэвтрүүлгээ цацдаг.
Мөн телевизийн дөрвөн сувагтайгаас гадна 2013 оноос хойш өөрсдийн вэб сайтаа зогсолтгүй ажиллуулж байна. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц энэ удаагийн Вьетнам Улсад хийсэн айлчлалаараа Вьетнамын дуу хоолойтой хамтран ажиллах талаар ярилцаад зогсохгүй энэ сарын 26-нд Нинг Бинг хотод зохион байгуулагдах “Робокон-2018” тэмцээнд багаа дэмжихээр ирснээ илэрхийлэв. Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр байгууллагын ирээдүйн хөгжил дэвшилд түлхэц өгөх томоохон гарц болж байгаа талаар дурдсан юм.
| МҮОНРТ "Вьетнамын дуу хоолой" радиотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.