Бээжин хотноо өнөөдөр Хятад Африкийн хамтын ажиллагааны форум болох гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх форумд Африкийн нийт 53 орны төр засгийн тэргүүн нар оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирээд байгаа аж.
Тус форум нь Хятад улсын 2018 онд зохион байгуулж байгаа олон улсын томоохон арга хэмжээний нэг юм. Өнгөрсөн удаагийн форум 2015 онд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбург хотод болсон бөгөөд энэ үеэр Хятад Африк тивийг хөгжүүлэхэд 60 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ амласан. Энэ удаагийн форумын үеэр ч ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Африкийн орнуудад хийхээр төлөвлөж байгаагаа зарлана гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хятад болон Африкийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой форумыг анх 2000 онд Хятадын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан.
Түүнээс хойш 3 жил тутамд тус форумыг зохион байгуулж ирсэн. Энэхүү форумыг зохион байгуулах болсноос хойш Хятад Африкийн хамтын ажиллагаа эрс идэвхэжсэн байдаг. 2017 оны дүнгээр л гэхэд Хятад Африкийн орнуудын бараа эргэлтийн хэмжээ 170 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хятад улс нь сүүлийн 9 жилийн туршид Африкийн орнуудын худалдааны гол түнш хэвээр байна. 2015 оны Йоханнесбургийн дээд уулзалт дээр Хятад Африкийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 10 томоохон төлөвлөгөөг зарласныг өнөөдөр ажил хэрэг болгоод байна.
Хятад Африкийн худалдааны эргэлт энэ оны эхний 6 сарын байдлаар 98,8 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар их байна. Сүүлийн 3 жилд Африк дахь Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 3 тэрбум ам.долларын түвшинд хадгалагдаж байгаа. хамтын ажиллагааг хөгжүүлэх 10 төслийн хүрээнд Африкийн орнуудад шинээр 30 мянган авто зам тавьж, боомтуудын нэвтрэх чадамжийг жилд 85 сая тоннд хүргэх юм байна. Мөн ус цэвэршүүлэх чадамжийг өдөрт 9 сая тоннд хүргэж, 30 мянган км цахилгаан дамжуулах шугам тавьж, 900 мянган ажлын байр шинээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
| Хятад Африкийн хамтын ажиллагааны форум Бээжин хотноо эхэллээ | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.