Шууд Chart

Гаршуулсан бүргэдийг байгальд буцаан тавина

2018-09-21 09:31:12

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын цармын бүргэдийн нийгэмлэг, "Алмакөк" бүргэдчдийн холбооноос гаршуулсан бүргэдийг байгальд буцаан тавих асуудлаар «Цармын бүргэдийн тогтвортой менежмент» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанхус сумд энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Монголын цармын бүргэдийн нийгэмлэгийн тэргүүн А.Атай өнөөдөр манай агентлагт мэдээлэл өглөө. Тэрээр хэлсэн үгэндээ: «Шинжлэх ухаанд гаршуулсан бүргэдийг 6 орчим жил ашигласны дараа байгальд нь буцаан тавих ёстой хэмээн үздэг. Манайд бол ихэнхдээ эмэгчин бүргэдийг гаршуулдаг. Гэхдээ сүүлийн үед жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор эрэгчин бүргэдийг ч гаршуулж байгаа. Зарим хүмүүсийн хувьд бүргэдээ байгальд буцаан тавьдаггүй асуудал байна. Энэ нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж байна. Бүргэд бусад ан амьтдын адил үржилд орж, тоо толгойгоо өсгөх шаардлагатай.

Тийм учраас экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, бүргэдээр ан авлах урлагийг тогтвортой хөгжүүлэх үүднээс бүргэдчидтэй зөвлөлдөн нэгдсэн шийдэлд хүрч, жил бүр бүргэдийг байгальд буцаан тавих ажлыг уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна. Аймгийн бүргэдчдэд мэдээлэл хүргэж байгаа бөгөөд бага хурлын үеэр тодорхой 10 бүргэдийг байгальд буцаан тавина» гэлээ.

Энэ удаад хэдэн бүргэдийг суллаж явуулах нь хараахан тодорхойгүй байна. Харин Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон Монгол Улсын Их Сургуулийн судлаачид байгальд буцаан тавьсан бүргэдийн хөлд дохио дамжуулагч зүүж, цаашид тэдний шилжих хөдөлгөөн, амьдрах орчин, насжилтыг судлах ажээ.

Дашрамд хэлэхэд, Монголын цармын бүргэдийн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн хэмжээнд бүргэд гаршуулдаг 200 орчим хүн байдаг байна.

 

Сэтгүүлч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаршуулсан бүргэдийг байгальд буцаан тавина  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй