АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээгээ нэн даруй эхлүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр Солонгосын дээд уулзалтаар Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох Сингапурын тунхаг бичгийн заалтыг дахин баталсныг Вашингтон талархан хүлээн авч байгааг илэрхийлсэн байна.
Мөн Умард Солонгосын удирдагч олон улсын болон Америкийн шинжээчдийг байлцуулан "Тохан Ри" туршилтын талбайгаа устгахаа амласныг ч талархан хүлээн авч байгааг илэрхийлсэн юм. Энэ бүхэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг устгахад чиглэгдсэн томоохон алхам байх болно гэж үнэлсэн байна.
Түүнчлэн үүссэн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ нэн даруй Умард Солонгостой яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Мөн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Ход ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд уулзалт хэлэлцээ хийхийг санал болгосноо мэдээлсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын төлөөлөгчдөд Австрийн нийслэл Вена хотноо Америкийн Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигэнтэй уулзах урилга илгээснээ мэдэгдсэн байна. Энэ нь АНУ, БНАСАУ-ын харилцааг өөрчлөх, 2021 оны нэгдүгээр сар гэхэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг устгах яриа хэлэлцээний эхлэл байх болно гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байлаа.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын дээд уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр Умард Солонгосын удирдагчтай ойрын үед уулзана гэж найдаж байгаагаа мэдэгдээд байна. Харин өчигдөр Пхеньян дахь айлчлалаа дуусгаад эх орондоо эргэн ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин удахгүй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор АНУ-ыг зорих юм байна.
Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр Америк Умард Солонгосын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хүчин чармайлт гаргах болно гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ахлах нарийн бичгийн дарга Сөүлд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Мөн тэрбээр хоёр Солонгосын удирдагчдын уулзалт АНУ-ын оролцоотой гурван талын уулзалт хэлэлцээ хийх боломжийг нээж өгч байгааг мэдэгдсэн юм.
| АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.