Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал ардчилсан намын даргаар дахин сонгогдоод байна. Өчигдөр болсон намын даргын сонгуульд түүнээс гадна Японы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Шигэру Ишиба нэр дэвшин өрсөлдсөн юм.
Санал хураалтад Японы парламентад Либерал ардчилсан намаас сонгогдсон 405 гишүүн, орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын 405 гишүүн саналаа өгчээ. Санал хураалтад оролцогчдын 553 нь Шинзо Абэгийн төлөө саналаа өгсөн бол Шигэру Ишиба 254 гишүүний дэмжлэгийг авсан байна.
Ийнхүүү Шинзо Абэ гурав дахь удаагаа Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдоод байна. Энэ нь түүнд 2021 оныг хүртэл Засгийн газрыг тэргүүлэх боломж олгож буй юм. Ингэснээр тэрбээр 2019 оны 11 дүгээр сард Засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхий сайд болох юм.
Японы хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх аравдугаар сарын эхээр Засгийн газар болон Либерал ардчилсан намдаа өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа аж. Намын даргын сонгуулийн өмнө тэрбээр ялалт байгуулвал шинэ Японыг цогцлоон бүтээхийн тулд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно хэмээн мэдэгдэж байсныг нь сануулж байна.
Либерал ардчилсан намын одоогийн дүрмээр намын дарга гурван жилийн хугацаатайгаар гурван удаа дараалж энэ албыг хаших боломжтой юм байна. Шинзо Абэ намын даргын сонгуулийн өмнөх сурталчилгаандаа эдийн засаг, гадаад бодлоготой холбоотой асуудлыг онцгойлон хөндөж байсан юм. Тэрбээр Абэномика шинэтгэлийн бодлогоо үргэлжлүүлж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж энэ салбарт залуу мэргэжилтнүүдийг чиглүүлэн ажиллахаа илэрхийлж байсан юм.
Гадаад бодлогын тухайд Ерөнхий сайд Шинзо Абэ гол хоёр зорилт тавьж байгаагаа мэдэгдэж байсан. Нэгдүгээрт, ОХУ-тай газар нутгийн маргаантай асуудлаа шийдэж энхийн гэрээ байгуулах, хоёрдугаарт, Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахаа амлаж байсан юм.

| Шинзо Абэ Либерал ардчилсан намын даргаар дахин сонгогдлоо | ||
| Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.