АНУ-ын унадаг дугуй үйлдвэрлэгчдэд Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас гаргасан Хятадын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татвартай холбоотой шийдвэр сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь АНУ нийт хэрэглээний унадаг дугуйныхаа 94 хувийг, харин дугуйн сэлбэг хэрэгслийнхээ 40 хувийг БНХАУ-аас импортлодогтой холбоотой юм байна.
АНУ-ын Өмнөд Каролайн мужийн Маннинг хотод үйлдвэртэй "ВСА Байкс" компанийн тухайд томоохон унадаг дугуй үйлдвэрлэгчдийн тоонд зүй ёсоор ордог. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн импортын татвартай холбоотой шийдвэрээс болж тус компанийн борлуулалт эрс буурахаар байгааг гүйцэтгэх захирал нь мэдэгдлээ. Тус компани АНУ-ын зах зээлд жилдээ 2.8 сая унадаг дугуй худалддагаас гадна бусад улс орнуудын зах зээлд ч гаргадаг байна.
Гэвч Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулах шийдвэрээс болоод жилд борлуулах унадаг дугуйны тоо хэмжээ хоёр саяд хүрч буурахаар байгааг тус компанийн удирдлага жинхэнэ сүйрэл гэж тодорхойлж байна. Энэ тухай "ВСА Байкс" компанийн гүйцэтгэх захирал Камлер хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Тэрбээр Вашингтонд АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын хэлэлцүүлэгт үндэсний үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн хувиар оролцсон байна. Энэ үеэрээ Засгийн газарт хандаж АНУ-ын үйлдвэрлэгчид төдийгүй хэрэглэгчид ч импортын гаалийн татвартай холбоотой шийдвэр нь алдагдал авчирна гэдгийг анхааруулж байсныгаа ярьсан юм.
Хятад улсад өөр улс орныхтой харьцуулашгүй, унадаг дугуйн нийлүүлэлтийн бат бэх сүлжээ бий болчихсон. Хятадын техникийн ажилтнууд нь ч сайтар бэлтгэгдсэн, мэргэшсэн. АНУ-д ийм чанартай сүлжээ байхгүй учир Хятадынхтай өрсөлдөх тухай ярих ч хэрэггүйг тэрбээр онцолжээ. Харин тус компанийн ажилтнуудын тухайд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийх нь үнэ өсч борлуулалт нь буурвал ажилгүйчүүдийн эгнээнд шилжих вий гэдгээс болгоомжилж байгаагаа ч ярьж байна. Энэ бол АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас болж хохирол амсахаар байгаа нэг л салбар, нэг компанийн болгоомжлол. Гол нийлүүлэгч нь Хятад улс болсон олон салбар АНУ-д бий. Хятадын нийлүүлэлт зогсвол нөхөх өөр улс байхгүйг АНУ-ын үйлдвэрлэгчид баталсаар байна. Энэ хооронд Хятадын "Алибаба холдинг"-ийн тэргүүн Жек Ма худалдааны дайн улам газар авч байгаа энэ үед АНУ-д нэг сая ажлын байр нэмэгдүүлэх амлалтаа биелүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Хятад Америкийн нөхөрсөг түншлэлийг хөгжүүлж, эрх тэгш худалдааны харилцаатай байхын төлөө ийм амлалт өгч байсан. Тэгвэл ийм нөхцөл байхгүй болсон учир амлалтаа биелүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна.

| АНУ-ын унадаг дугуйн аж үйлдвэрлэл худалдааны дайны уршгийг хүртэж эхэлжээ | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.