Ираны баруун өмнөд хэсэгт орших Ахваз хотод цэргийн парад болох үеэр үл таних хүмүүс парадад оролцогчид болон үзэгчид рүү гал нээсэн халдлага болжээ. Эндээс ирж байгаа мэдээгээр, цэргийн парадад оролцогч, үзэгч болох 25 хүн амь үрэгдэж, хүүхэд, эмэгтэйчүүд гээд 50-иад хүн хүнд, хөнгөн шархадсан байна.
Цэргийн парад болж байсан талбайтай зэрэгцэн орших цэцэрлэгт хүрээлэнгээс гал нээсэн бөгөөд гал нээсэн хүмүүс бүгд цэргийн форм өмссөн байжээ. Халдлага болсны дараа “Ахвазын үндэсний эсэргүүцэл” гэдэг Арабын бүлэг болон “Исламын улс” террорист бүлэг халдлагыг үйлдсэн гэдгээ нэгэн зэрэг хүлээсэн байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани террористуудын халдлагад хатуу хариу барина гэдгээ амлалаа.
Тэрбээр “Исламын бүгд найрамдах Иран улсын хариу хатуу байх болно. Гэхдээ террористуудын энэ гутамшигт халдлагын хариуцлагыг тэднийг санхүүжүүлдэг хүмүүс үүрнэ” гэж мэдэгдлээ. Ираны Гадаад хэргийн яам энэ хэрэг явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, халдлагыг гадны дэглэмийн дэмжлэгт тулгуурласан террористууд оролцсон гэдгийг онцолж байна.
Өнгөрсөн оны сүүлээр Ахваз хотод ард иргэдийн амьжиргааны түвшин буурсныг эсэргүүцсэн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан болж байсан. Энэ өдрүүдэд Иран улсад 1980-1988 онд Ирактай хийсэн дайны ойг тэмдэглэж, олон хотуудад цэргийн парад болж байна. Одоогийн байдлаар энэ халдлагыг яг хэн үйлдэв гэдэгт янз бүрийн хувилбар яригдаж байна.
Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф "Бүс нутагт терроризмыг дэмжигчид, санхүүжүүлэгчид болон АНУ тэргүүтэй тэдний эзэд халдлагын хариуцлагыг үүрэх ёстой гэж Иран улс үзэж байна” хэмээн мэдэгдлээ. Ираны зэвсэгт хүчний төлөөлөгчийн хэлж байгаагаар, халдлага үйлдсэн хүмүүс “Исламын улс” бүлэгт огт хамаагүй, тэд Персийн булангийн хоёр оронд бэлтгэл хийжээ.

| Иранд цэргийн парадын үеэр халдлага болж, 25 хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.