Шууд Chart

Ховдчууд өв, соёлоороо гайхуулж, цайны замын түүхийг сэргээлээ

2018-09-28 15:12:13

1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байсан юм. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгуулаа. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд олон үндэстэн ястан иргэд үндэсний хувцастайгаа оролцож, нутаг нутгийнхаа онцлогийг харуулж, 100 тэмээн жинг Ховд аймгийн төв талбайд угтан авлаа.  

 Энэхүү наадам нь аялал жуулчлалыг татах, уламжлалт өв соёлыг сэргээх, биет болон биет бус өвийг сэргээн сурталчлах зорилготой юм. 
Ховд аймаг бол 13 угсаатан аж төрөн суудаг олон үндэстний өлгий нутаг бөгөөд монгол үндэстний өв соёл, ахуй байдал, түүх дурсгал, уламжлалыг нэг дороос цогцоор нь үзэж харах боломж бүрдсэн нутаг. Түүнчлэн  үзэсгэлэнт байгаль, нуур далай, цэнгэг ус, ховор амьтан ургамал бүхий аялал жуулчлалын цогц өлгий нутаг билээ. Тиймээс энэхүү онцлог, ач холбогдол давуу талаа түшиглэн аялал жуулчлал, бүс нутгийн хөгжүүлэхэд чухал хувьд нэмэр оруулна гэж үзэж байгаа юм. 

“Цайны зам” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үзэгч, оролцогчдын хувьд сэтгэгдэл өндөр байлаа. Тэд өв соёл, түүх уламжлалыг хадгалсан тус үйл ажиллагааг  цаашид улам дэлгэрүүлж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Ази, Европыг хуурай газраар холбосон эртний түүхт 2 замын нэг нь Торгоны зам, Цайны зам байсан түүхтэй. Аль алинд монгол жинчдийн гүйцэтгэсэн үүрэг үлэмж их гэлцдэг. Хүн төрөлхтний түүхэнд Торгоны, Цайны, Хаш чулууны, Давсний, Дарсны гэх зэрэг худалдааны олон зам байсан ч цайны зам нь ачаа эргэлт, ач холбогдлоороо Торгоны замын дараа хоёрдугаарт ордог байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховдчууд өв, соёлоороо гайхуулж, цайны замын түүхийг сэргээлээ  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй