АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан “Америк эн тэргүүнд” гэх зарчим дэлхийд нүүрлэсэн аюул заналыг шийдэхэд огт нийцэхгүй байна гэж Холбооны Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдлээ.
Маас Нью-Йорк хотноо “Америк эн тэргүүнд гэх энэ уриа өнөө цагт тулгарч байгаа аюул заналд өгч байгаа буруу хариу. Даяарчлал, тоон технологи, цаг уурын өөрчлөлт нь хил хязгааргүй. Бид эдгээр аюул заналыг гагцхүү олон улсын хүрээнд хамтран ажилласнаар арилгаж чадна” гэж мэдэгджээ.
Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Берлин, Вашингтоны харилцаа муудсан. Гэсэн хэдий ч Германы эрх баригчид нэг бус удаа АНУ Европын холбооны гол харилцагч, гол түнш гэж мэдэгдэж ирсэн байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын тохиролцооноос гарах, Израйльд суугаа элчин сайдын яамаа Иерусалим хот руу шилжүүлэх, Ираны цөмийн тохиролцооноос гарах, нэмэлт татвар оногдуулах зэрэг Америкийн удирдагчийн шийдвэрийг Герман улс шүүмжилдэг.
Сүүлдээ Берлин болон Вашингтон хоорондын санал зөрөлдөөн эрчим хүч болон батлан хамгаалах салбарыг хүртэл хөндөх болсон. Тухайлбал, Трамп Орос, Германыг холбох “Умард урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолой барих төсөлд Германы бизнесменүүд оролцож байгааг байнга шүүмжлэхийн хажуугаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хүртэлх хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулахыг Германд уриалж байна.
Тэрбээр ийнхүү уриалахдаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрт тулгуурладаг. Харин Берлин болохоор цэргийн зардлыг ингэж эрс өсгөх нь учир утгагүй, хэзээ ч биелэгдэхгүй гэдэг билээ.
| Хайко Маас: “Америк эн тэргүүнд” гэх Трампын уриа дэлхийн асуудлыг шийдэхэд огт нийцэхгүй | ||
| Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.