Шууд Chart

Македонид явагдсан бүх нийтийн санал хураалтын дүнг хүндлэхийг уриалжээ

2018-10-01 13:41:25

Европын холбоо талуудад хандаж Македонид улс орныхоо нэрийг өөрчлөх асуудлаар болсон бүх нийтийн санал асуулгын дүнг хүндлэхийг уриаллаа. Европын холбоог тэлэх асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан энэ тухай мэдэгдлээ. Ингэхдээ тэрбээр урьдчилсан байдлаар санал асуулгын ирц дөнгөж 36 хувьтай байсныг, санал асуулгыг хүчинтэйд тооцохын тулд сонгогчдын 50+1 хувийн санал хэрэгтэй гэдгийг хөндсөнгүй.

Грек, Македонийн засгийн газар хооронд тохирсны дагуу Бүгд найрамдах Македони улсын нэрийг өөрчлөх асуудлаарх бүх нийтийн санал асуулга өчигдөр боллоо. Сонгуулийн төв хорооны мэдээгээр, саналын хуудасны 90-орчим хувийг тоолсны дараах байдлаар сонгогчдын ирц 36,3 хувьтай байна. Македонид санал өгөх эрхтэй 1,8 сая гаруй сонгогч байдгаас энэ удаагийн санал асуулгад нийт сонгогчдын 592 мянга гаруй нь санал өгчээ. Оролцсон сонгогчдын 91,25 хувь нь Гректэй байгуулсан тохиролцооны төлөө, 5,82 хувь нь эсрэг санал өгчээ. Македонийн хуулийн дагуу нийт сонгогчдын талаас дээш хувь нь буюу 50+1 хувь нь буюу 903 мянга хүн дэмжсэн санал өгөх ёстой юм. Энэ санал асуулга Афин болон Скопье хооронд 27 жил үргэлжилж байгаа хуучин Югославын бүгд найрамдах улсын нэрийн асуудлаарх маргааныг зохицуулах байсан.

Македони гэдэг нэр Грекийн хойд хэсэгт орших нэг мужийн нэртэй давхацдаг. Өнгөрсөн 6 дугаар сарын 17-ны өдөр Македони болон Грекийн гадаад хэргийн сайд нар хоёр орныг заагладаг Преспа нуурын эрэг дээр хуучин Югославын бүгд найрамдах улсыг шинээр нэрлэх тухай тохиролцоонд гарын үсэг зурсан. Энэ тохиролцооны дагуу Македонийг Бүгд найрамдах Умард Македони гэж нэрлэхээр болсон. Энэ гэрээ олон жил үргэлжилж буй нэрийн асуудлаарх маргааныг шийдвэрлээд зогсохгүй Македонид НАТО болон Европын холбоонд элсэх үүд хаалгыг нээж өгөх байсан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македонид явагдсан бүх нийтийн санал хураалтын дүнг хүндлэхийг уриалжээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй