Шууд Chart

Хоёр Солонгосын гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотод уулзсангүй

2018-10-01 13:54:46

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы арга хэмжээнд оролцсон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд хатагтай Кан Гён Хва Умардын сайд Ли Ён Хо-той уулзалгүй эх орон руугаа буцлаа. “Ренхап” агентлаг энэ тухай уламжилж байна. Тус агентлагийн мэдээгээр, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ерөнхий ассамблейн хүрээнд уулзах Кан Гён Хвагийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Энэ тал дээр янз бүрийн тайлбар хийж байгаа ч БНАСАУ асуудлыг сайд нарын түвшинд хэлэлцэхийг хүсэхгүй байгаатай шууд холбоотой гэдэг таамаг илүү бодитой болох магадлалтай. Гэхдээ Өмнөд Солонгосын Гадаад хэргийн  сайд Кан Гён Хва БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. “АНУ, БНАСАУ-ын удирдагчид нүүр тулан уулзсан явдал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлэлцээний маш сайн, бат бэх суурь болно хэмээн би бодож байна” гэдгийг тэрбээр онцоллоо.

Энэ оны 6 дугаар сарын 12-нд Сингапурт АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт болсон. Энэ уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэлд гаргаж, Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулахын төлөө гэдгээ илэрхийлсэн бол АНУ үүний хариуд Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан. 2017 оны 12 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ баллистик пуужингийн ээлжит туршилт хийсний хариуд тус улсын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгах тогтоол баталсан. Үүний дагуу Умард Солонгост түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг, мөн бүх улс орнуудад умардын цагаач ажилчдыг 24 сард багтааж хөөн гаргахыг шаардсан. Мөн энэ тогтоолоор БНАСАУ-д аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнд машин техник, тээврийн хэрэгсэл нийлүүлэхийг хязгаарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотод уулзсангүй  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй