Шууд Chart

Македонид болсон бүх нийтийн санал хураалтыг хүчингүйд тооцлоо

2018-10-02 12:02:40

Македонийн нэрийг Умард Македони хэмээн өөрчлөх асуудлаарх бүх нийтийн санал хураалт хүчингүйд тооцогдоод байна. Тус улсын сонгуулийн хорооны тэргүүний мэдэгдсэнээр бүх нийтийн санал хураалтын ирц 36,5 хувьд л хүрсэн  байна. Санал өгөх эрхтэй нийт иргэдийн 50 хувиас илүү нь бүх нийтийн энэ санал хураалтад  оролцсон бол хүчинтэйд тооцогдох байсан юм.

Гэхдээ  санал хураалтад оролцогчдын 90 хувь нь улс орныхоо нэрийг өөрчилж, Европын Холбоо болон НАТО-д элсэх замыг нээх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэхүү бүх нийтийн санал хураалтыг Афин Скопьегийн хооронд сүүлийн 27 жилийн туршид үргэлжилж байгаа хуучин Югославын Бүгд найрамдах улсын нэртэй холбоотой маргааныг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан юм. Македони гэдэг нь хуучин Югославын бүгд найрамдах улсын нэр төдийгүй Грекийн хойд нутгийн нэгэн мужийн нэр юм. Өнгөрсөн 7 дугаар сарын 17-ны өдөр 2 улсын гадаад хэргийн сайд нар Македонийн албан ёсны нэрийг  өөрчлөх тухай шинэ гэрээнд гарын үсэг зурж  бүх нийтийн санал хураалтаар Македонийн ард түмнээр хэлэлцүүлэхээр тохиролцсон.

Энэ гэрээнд тэмдэглэснээр Македонийн бүгд найрамдах улсыг Бүгд Найрамдах Умард Македони хэмээн нэрийдэхээр болсон юм. Гэвч  Македонийн засгийн газрын тэргүүн Зоран Заевийн идэвхтэй дэмжиж байсан улс орныхоо нэрийг өөрчлөх санал  тохиролцоог тус улсын Ерөнхийлөгч болон үндсэрхэг үзэлтнүүд эрс эсэргүүцэж байсан төдийгүй санал хураалтад оролцохгүй байхыг иргэддээ хандаж уриалсныг нь ихэнх нь хүлээн авсныг батлах дүн гараад байна. Ерөнхий сайд Заев, "Бүх нийтийн санал хураалтын өмнө сөрөг хүчнийхэнд хандаж өөрчлөлтийг дэмжихгүй бол парламентын ээлжит бус сонгууль зарлана, иргэдийн олонх улсын нэрийг өөрчлөхийг дэмжихгүй бол огцорно" хэмээн мэдэгдэж байсан.

Харин санал хураалт хүчингүй болсны дараа санал хураалтын ирц хүрээгүйгээс хүчингүй болсон ч оролцогчдын дийлэнх олонх нь өөрчлөлтийг хүсч байгаагаа илэрхийлсэн учир албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин олон улс болон хамтын нийгэмлэгийн удирдагчид Македонийн энэ санал хураалтын үр дүнг хүндэтгэн хүлээн авахыг уриалж  байна. АНУ болон НАТО, Европын Холбооны удирдагчид энэ санал хураалтын дүнг нааштайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсний дээр Македонийн  улс төрийн хүчнүүдэд хандаж санал зөрөлдөөнөө хойш тавьж улс орныхоо ирээдүйн төлөө түүхэн энэ боломжийг ашиглахыг уриалсан. Түүнчлэн Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Македонийн Ерөнхий сайд Зоевт хандаж Афинтай байгуулсан гэрээгээ  хэрэгжүүлэхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македонид болсон бүх нийтийн санал хураалтыг хүчингүйд тооцлоо  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй