Одоогоос нэг жилийн өмнө Испанийн Барселонад тусгаар тогтнолоо зарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалт болсон юм. Энэ ойг тохиолдуулан тусгаар тогтнол зарлахыг дэмжигчид өчигдөр жагсаал цуглаан хийсэн байна.
"Аравдугаар сарын 1-ний өдрийг сэргээцгээе" уриатай жагсаалд оролцогчийн тоо 180 мянгад хүрснийг орон нутгийн цагдаагийнхан мэдээллээ. Харин Испанийн эрх баригчид энэхүү жагсаал цуглааныг хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Тайван болж байсан жагсаал цуглааны албан ёсны арга хэмжээ дууссаны дараа цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Оролцогчид цагдаа нарын эсрэг будаг, шил, төрийн далбааг хүртэл шидэж, аюулгүй байдлын үүднээс босгосон металл хаалт хамгаалалтыг нураасан байна. Харин хууль сахиулагчид тэдний эсрэг хүч хэрэглэхэд хүрчээ.
Испанийн Гадаад хэргийн сайд Жозеп Баррель Каталонийн эрх баригчдад хандаж автономит бүс нутагтаа эмх журам тогтоохыг уриалсан байна. Одоогоос жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 1-ний өдөр Каталонид тусгаар тогтнол зарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалт болсон юм. Энэхүү санал асуулгад нийт 2 сая 280 мянган хүн оролцсоноос 90 хувь нь Каталонийг Испаниас нь тусгаарлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин аравдугаар сарын 27-ны өдөр Каталонийн парламент Испанийн салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарлахыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. Гэвч Испанийн төв Засгийн газар Каталонийн Засгийн газрыг парламентынх нь хамтаар татан буулгаж, ээлжит бус сонгууль зарласан билээ.
| Тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.