ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий дахинд АНУ-ын удирдагч Дональд Трампаас илүү их итгэл найдвар төрүүлж байна. Вашингтоны судалгааны "Пью" төвөөс зарлан нийтэлсэн санал асуулгын дүн үүнийг нотолж байна. Энэ төв дэлхийн таван тивийн 25 улс оронд 26.1 мянган хүний дунд санал асуулга явуулжээ.
Санал асуулгад оролцогчдын 30 хувь нь Оросын удирдагчид итгэлтэйгээр хандаж, түүнийг “Дэлхийн тавцанд зөв зүйтэй юм хийж байна” хэмээн үздэг байна.

БНХАУ-ын дарга Ши Зиньпинд итгэх итгэл Путиныхээс арай дээгүүр 34 хувьтай байхад санал асуулгад оролцогчдын дөнгөж 27 хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг “Олон улсын талбарт явуулж байгаа зөв зүйтэй бодлого” хэмээн үзэж байна.

Итгэл найдварын хамгийн өндөр рейтинг Германы канцлер Ангела Меркельд оногдож байгаа бөгөөд санал асуулгад оролцогчдын 52 хувь нь энэ эмэгтэйд итгэж байна. Судлаачдын үзэж байгаагаар, сүүлийн үед дэлхийн олон нийт АНУ-ын олон улсын харилцаанд гүйцэтгэж байгаа үүрэг рольд багагүй сэтгэл түгшиж буй юм байна.

Санал асуулгад оролцогчдын ихэнх нь АНУ гадаад бодлогын чухал шийдвэр гаргахдаа өөр улс орнуудын ашиг сонирхлыг огт хүлээн авдаггүй гэж мэдэгджээ. Мөн ихэнх нь АНУ даяарчилсан тулгамдсан асуудлыг зохицуулахдаа урьд өмнөхөөсөө бага хүч чармайлт тавих болсон гэж үзэж байна.
Үүнээс гадна судалгааны "Пью" төв дэлхий дахинд Хятад улс болон тус улсын удирдагч Ши Зиньпиний нэр хүнд өсөх болсныг тэмдэглэж байна. Европын зарим орнуудад БНХАУ-ын нэр хүнд АНУ-ынхаас дээгүүр байна. Санал асуулгыг энэ оны тавдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны хооронд явуулжээ.

Ерөнхийлөгч Трампыг дэлхийн тавцанд зөв зүйл хийж байна гэж үзэх оросуудын тоо сүүлийн нэг жилд 53-аас 19 хувь хүртэл унажээ. Трампыг дөнгөж Ерөнхийлөгч болж байхад оросуудын 41 хувь нь АНУ-д таатай ханддаг байсан бол одоо энэ үзүүлэлт 26 хувь хүртэл унаад байна.
Мөн судалгааны төв АНУ-ын холбоотон болох орнуудад тус улсад итгэх итгэл найдвар алдагдаж байгааг тэмдэглэж байна. Германд 30 хувь нь, Францад 38 хувь нь АНУ-д нааштайгаар хандаж байгаа бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 35 хувь, 46 хувь байсан байна. Өмнөх жилд нь буюу 2016 онд 57 хувь, 63 хувьтай байжээ.
Канад болон Мексикт 39 хувь, 32 хувь нь АНУ-д итгэлтэйгээр хандаж байгаа бол Барак Обама болон бага Жорж Бушийн засаг захиргааны үед дээрх хоёр оронд энэ үзүүлэлт 50 хувиас дээш байжээ.
| Владимир Путин дэлхий дахинд Дональд Трампаас илүү итгэл найдвар төрүүлж байна | ||
| Үзсэн: 1323 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.