АНУ Хятадад түүхий газрын тос нийлүүлэхээ бүрэн зогсоосон байна. Өнгөрсөн 7 р сард АНУ 10,5 сая баррель газрын тос нийлүүлсэн бол 9 р сард 0,6 сая баррелийг л нийлүүлсэн байна.
Америкийн тал түүхий газрын тосны нийлүүлэлтээ бүрэн зогсоосныг Хятадын Чайна Мерчант Энержи Шиппинг компанийн Ерөнхийлөгч Се Чуньлин Хонконгод болсон салбарын бага хурал дээр мэдэгдсэн юм. Тус компани АНУ –аас Хятадад нийлүүлдэг газрын тосны тээвэрлэлтийг хийдэг үндсэн компани юм байна. Худалдааны дайн АНУ, БНХАУ-ын хооронд үүсч эхлэхэд нийлүүлэлт тээвэрлэлт нь хэвийн байсан боловч одоо бүрэн зогсчхоод байгааг тэрээр -мэдэгдсэн байна. Ройтерсийн мэдээлж байгаагаар АНУаас Хятадад хамгийн их газрын тосыг өнгөрсөн 5 р сард нийлүүлж байсан байна.
Тухайн үед нийлүүлэлтийнх нь хэмжээ 13,9 сая баррельд хүрч байсан байна. Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын мэдээгээр АНУ-ын газрын тосны экспорт өнгөрсөн 5 сард өдөр 2 сая баррель хүрч байсны нэг саяыг нь Ази руу экспортолж байсан байна. Ийнхүү АНУ Хятад газрын тос нийлүүлэхээ зогсоосныг тус 2 улсын хооронд үүсээд байгаа худалдааны дайнтай холбоотой гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд сонгуулийн өмнө шударга бус худалдааны гэрээнүүдээ эргэн харахаа амлаж байсан.
Харин сонгуульд ялалт байгуулсныхаа дараа энэ амлалтаа биелүүлэхийн тулд Америк бүхний түрүүнд бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Америк Хятадтай хийж буй худалдааны алдагдлаа бууруулахын тулд Бээжинд тодорхой шаардлагуудыг тавьж Хятадын тал ч үүнийг нь шат дараатайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Гэвч энэ нь ажил хэрэг болж чадаагүйгээр барахгүй АНУ Хятадын эсрэг худалдааны хориг арга хэмжээ хэд хэдэн удаа авч Бээжин ч бараа бүтээгдэхүүнд нь импортын гаалийн өндөр татвар ногдуулсантай нь яг адил хариу арга хэмжээ авсан юм.
Ерөнхийлөгч Трамп Хятадтай хийж буй худалдааны дайнд ялалт байгуулснаа зарлаж Америкийн эдийн засгийг гүйцэхээргүй болсныг нь тунхаглаж байсан. Блүүмбергийн шинжээчдийн урьдчилан тооцоолж байгаагаар худалдааны энэ дайнаас болж Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6,6 хувьд буюу 1990 оноос хойших хамгийн бага түвшинд хүрэхээр байна.
| АНУ Хятадад түүхийн газрын тос нийлүүлэхээ бүрэн зогсоожээ | ||
| Үзсэн: 1510 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.